Малчид гар утсаараа цаг агаарын мэдээ хүлээж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-15 16:13:02

Мерси Кор Монгол Олон Улсын Байгууллагаас жил бүр өвөлжилт хүндэрч болзошгүй хөдөөгийн хүн амд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсээр иржээ.

Энэ жилийн тухайд “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж. Тус төслийн онцлог нь малчид цаг агаарын мэдээг тогтмол гар утсандаа мессежээр авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ингэснээр малчид цаг уурын гэнэтийн үзэгдлийг урьдчилан тооцоолж, гамшгаас сэргийлэх бэлтгэлээ хангах ач холбогдолтой байна. Малчид өөрийн аж төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт мессэжээр илгээх бөгөөд ингэхдээ 1-3 хоногийн цаг агаарын мэдээ авах бол 1, 4-6 хоногийн мэдээг авах бол 2-ын тоог тус тус илгээх юм байна. Ингэснээр тухайн багийн нутагт цаг агаар ямар байх талаарх мэдээллийг шуурхай авах аж.

"Зудын эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь" төслийнхөө хүрээнд Мерси Кор Монгол ОУБ-аас Увс аймагт "Онцгой байдлын үед мал, амьтныг аврах, хамгаалахад чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийн заавар, стандарт" сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм. Тус төслийг өнгөрсөн жил Увс аймгийн 12 суманд хэрэгжүүлсэн бол энэ жил 15 сумыг сонгож аваад байна.

“Баруун бүс, тэр дундаа Увс аймаг байгаль цаг уурын хувьд эрс тэс, өвлийн улиралд хүйтэн аймгуудын тоонд зүй ёсоор багтдаг. Энэ ч утгаараа малчид өвлийн улиралд амжиргааны эх үүсвэр болсон малаа зудад алдахгүйгээр даван туулах нь чухал байдаг. Иймээс Увс аймагт төсөл хэрэгжүүлэх сумынхаа тоог нэмэгдүүлсэн” хэмээн Мерси Кор Монгол ОУ-ын байгууллагын Баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ