Хятадын нэгэн банк НҮБ-ын тогтоолыг зөрчин Умард Солонгост салбараа нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-15 11:33:51

СӨҮЛ. /Yonhap/. Пхеньян энэ оны эхээр цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан баталсан НҮБ-ын тогтоолыг Хятадын нэгэн банк зөрчин Умард Солонгосын эдийн засгийн онцгой бүсэд салбараа нээжээ.

2016 оны нэгдүгээр сард Умард Солонгос цөмийн туршилт хийсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 2-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл “Умард Солонгосын банк, санхүүгийн байгууллагуудтай харилцах, тус улсад шинэ салбар нээхийг НҮБ-ын гишүүн улсуудын банк болон санхүүгийн багууллагуудад хориглох” тухай тогтоолыг баталсан юм.

Америкийн “Radio Free Asia” ашгийн бус мэдээллийн агентлагт Хятадын нэгэн бизнес эрхлэгч мэдэгдэхдээ “Умард Солонгосын Расон хотын эдийн засгийн онцгой бүсэд Хятад улсын нэгэн банк салбараа нээж, үйл ажиллагаа явуулж байгааг би өөрийн нүдээр харсан” гээд, банкны нэрийг нууцалжээ.

Тус банк салбараа яг хэзээ нээснийг мэдэхгүй ч тэнд цөөнгүй хүн ажиллаж байсан гэж тэрбээр ярьжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ