Хариуцлага алдсанаас отрын бүс нутагт хонины цэцэг өвчин гарсан гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-11 17:44:45

Аймгийн онцгой комисс хуралдаж, хонины цэцэг өвчин гараад буй отрын бүс нутагт ажиллаад ирсэн ажлын хэсгийнхний дүгнэлт мэдээллийг сонслоо. 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Даргиатын цагаан даваа гэх газарт нутаглаж байсан малчин Б-ийн хотонд анх хонины цэцэг өвчин гарсан нь шинжилгээгээр батлагдсан аж. 

Ингээд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаж,  өвчний голомтын бүсэд байгаа айл өрхүүдэд ариутгал хийн хорио цээрийн дэглэм тогтоож, байнгын 3 пост ажиллуулж байна. Дээрх айлын 35 хонь өвчилсөн гэх бөгөөд ихэнх нь эдгэрчээ. Гэсэн ч 21 хоног хорио цээрийн дэглэм үргэлжлэх бөгөөд түүний дараа дахин шинжилгээ авч бүрэн эдгэрсэн тохиолдолд хөл хориог зогсоох аж.

Хонины цэцэг өвчин гарсан тухайд аль аль талдаа хариуцлага алдсан тул тодорхой асуудлаар хуулийн байгууллагад хандаад байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Засаг дарга Хэрлэнбаян-Улаан тосгоныг отрын бүс нутгаас чөлөөлөх хүсэлтийг холбогдох газруудад хүргүүлжээ.

Отрын бүс нутаг байснаар бэлчээрийн даац хэтрэх, хүн малын гоц халдварт төрөл бүрийн өвчин тархах зэрэг эрсдэл өндөр юм. Одоогоор мал амьтны халдварт өвчин дэгдэлгүй байгаа ч гэнэт тархах магадлалтай тул үүнд анхаарлаа хандуулж ажиллахыг аймгийн Засаг дарга холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ