Гаитид "хүнсний хямрал" нүүрлээд байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-11 14:46:22

ПОРТ-О-ПРЕНС. /ВВС/. Гаити улсыг сэргээн босгох үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээс олон улсын хамтын нийгэмлэг хойргошиж байна гэж тус улсын түр Ерөнхийлөгч Жоселерме Приверт мэдэгдлээ.

Түүний хэлснээр, өнгөрсөн сард Гаитиг хар салхи дайран өнгөрсний улмаас учирсан хохирлын хэмжээ тус улсын нийт төсөвтэй тэнцэж байгаа ажээ.

Гаитид “томоохон хүнсний хямрал” нүүрлээд байна гэж Ж.Приверт хэлээд, тусламж дэмжлэг үзүүлэхийг дэлхийн улс орнуудад уриаллаа.

Өнгөрсөн сарын 4-нд тус улсыг “Мэтью” хар салхи дайран өнгөрсөн нь 2.1 сая хүний  амьдрал ахуйд сөргөөр нөлөөлсөн юм.

Тус улсын 1.5 сая иргэн, тэдний дотор түр хоргодох байранд амьдарч байгаа 140 мянга гаруй хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна.

Гаитид 120 сая долларын тусламж үзүүлэхийг НҮБ уриалсан билээ.

Энэ уриалгыг гаргаснаас хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад 120 сая долларын 38 хувь нь л цуглаад байгаа ажээ.

Г.Доржханд

 

 

 

 

 

Холбоотой мэдээ