Канадын эргийн харуулынхан 700 кг хар тамхи илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-11 13:24:57

ОТТАВА./TASS/. Канадын Тэнгисийн цэргийн хүчин хар тамхи тээвэрлэхтэй тэмцэх CARIBBE хэмээх олон улсын хамтарсан ажиллагааны явцад 700 кг кокаин илрүүлэн хурааж авсан байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.

Хураан авсан кокаины хар захын үнэ 28 сая доллар болох аж.

Хар тамхитай тэмцэх ажиллагааг 11 дүгээр сарын 5-ны өдөр  АНУ-ын Эргийн хамгаалалтын албатай хамтран Төв Америкийн эргийн дагуух Номхон далайн сав газарт явуулсан байна. Ажиллагаанд Канадын талаас “Brandon” харуулын хөлөг онгоц оролцжээ.

Хар тамхины наймаатай тэмцэх CARIBBE олон улсын хамтарсан ажиллагааг 2006 оноос эхлэн явуулж байгаа юм. АНУ, Канад, Франц, Их Британи, Испани, Голландын хөлөг онгоцууд болон нисэх онгоцууд оролцсон уг ажиллагааны явцад Карибын тэнгис, Мексикийн хойг, Латин Америкийн орнуудын Номхон далайн эргийн дагуу хүч нэмэгдүүлсэн эргүүл хийдэг байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ