Б.Обама шинэ Ерөнхийлөгч Д.Трамптай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-11-11 09:38:08

ВАШИНГТОН./VOA/. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авч уулзан  төрийн эрхийг шилжүүлэх асуудлаар ярилцжээ.

Д.Трамп пүрэв гарагт Б.Обамагийн урилгаар Цагаан ордонд зочилсон байна. Тэд Цагаан ордны Зууван танхимд 90 орчим минутын турш яриа өрнүүлжээ.

Уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэр Б.Обама хэлэхдээ “ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамптай сайхан яриа өрнүүллээ. Бид дотоод болон гадаад бодлого зэрэг өргөн цар хүрээг хамарсан асуудлуудыг хэлэлцсэн” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “миний хувьд ирэх хоёр сарын хугацаанд хийх хамгийн гол ажил бол Д.Трампт амжилттай ажиллахад нь тус дэм болох үүднээс төрийн эрхийг аажуу тайвнаар шилжүүлэн өгөх явдал юм” гээд “АНУ-д тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд миний багийнхантай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Д.Трамп илэрхийлсэн. Би чадах бүхнээрээ дэмжих болно” гэсэн байна.

Мөн тэрбээр “одоо улс оронд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нам болон улс төрийн харьяаллыг үл харгалзан хамтран ажиллах нь бүх хүний хувьд хамгийн чухал” гэж хэлжээ.

Харин Д.Трамп хэлэхдээ “бид сайн, муу янз бүрийн асуудлуудыг авч хэлэлцсэн. Би Б.Обаматай дахин уулзаж, ярилцах болно” гээд, өөрийн засаг захиргаагаа бүрдүүлэхдээ түүнээс зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч болон ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний хувьд сонгууль болсноос ердөө хоёр хоногийн дараа нүүр тулан уулзаж байсан тохиолдол бараг байдаггүй аж.

Д.Трамп ялсантай холбоотойгоор АНУ даяар эсэргүүцлийн жагсаал болсон юм. Харин Б.Обамагийн хувьд төрийн эрхийг аядуу тайван байдлаар шилжүүлэн өгснөөр ард олны эв нэгдлийг хангахыг чухалчилж байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ