Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг бууруулах саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-10 11:44:22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат валютын ханшийн өсөлтийг хэрхэн тогтворжуулах, валютын ханшийг төсөлд хэрхэн тооцсон зэргийг тодруулахад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Валютын ханш хөтөлдөг үндсэн үзүүлэлтүүдийн хамгийн гол нь эрэлт, нийлүүлэлт, нөөц байдаг. 2012 онд Монголбанкинд 2,4 тэрбум ам.долларын нөөц байсан. 4 жилийн дотор үрж дуусаад одоо 3.4 тэрбум ам.долларын БНХАУ-аас авсан зээлээр нөөцөө нөхөж байна. Монголбанк аргагүйдээ тулж Мөнгөний бодлогын хүүгээ 4 пунктээр өгсөсөн. 2 жилийн өмнө үүнийг засч залруулж болох байсан. Гэхдээ ингээд орхихгүй шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа. ОУВС-тай хамт хийх хөтөлбөрөө эрт хийж, том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Ингэж байж ханш хөдөлнө" гэсэн юм.

Харин валютын  ханшийг хэрхэн тооцсон тухайд "Засгийн газраас 2250 төгрөгөөр тооцож орж ирсэн. Төсвийн байнгын хороо хэлэлцээд бодит байдалтай уялдуулах шаардлагатай гэж үзэн, тухайн үеийн ханшаар тооцож байх нь зөв гэж үзсэн. Үүнтэй холбоотой орлого, зарлагын тоо хөдөлсөн" гээд 2017 оны төсөв эдийн засгийг тогтворжуулахад хамгийн чухал нөлөөтэй, Засгийн газрын 510 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах байсныг зогсоож чадсан, хэмнэлтийн бодлого түлхүү оруулж ирсэн төсөл гэдгийг Ч.Хүрэлбаатар гишүүн онцолж байв.

Ингээд гишүүд асуулт дууссаны дараа байнгын хорооны хуралдаанаар гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалгав. Тодруулбал:

  1. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2017 онд “5,914.4” гэснийг “6,160.2” гэж, ДНБ-д эзлэх хувийг “22.8” гэснийг “23.3” гэж, 2018 онд “6,681” гэснийг “6,822.6” гэж, ДНБ-д эзлэх хувь  “23.4” гэснийг “23.8” гэж, 2019 онд “7,211.6” гэснийг “7,561.3” гэж, ДНБ-д эзлэх хувь “22.7” гэснийг “23.7” гэж өөрчлөх
  2. Төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2017 онд “8,564” гэснийг “8.568,9” гэж, ДНБ-нд эзлэх хувийг “32,7” гэснийг “32,3” гэж өөрчлөх 2018 онд “8,821.8” гэснийг “8,971.2” гэж, ДНБ-д эзлэх хувь  “32.7” гэснийг “31.3” гэж, 2019 онд “8,961.4” гэснийг “9,316.5” гэж, ДНБ-д эзлэх хувь “28.2” гэснийг “29.2” гэж өөрчлөх
  3. Нийт зарлагын өсөлтийн хэмжээг 2017 онд “-1,130.4” гэснийг “-1,125.5” гэж, ДНБ-нд эзлэх хувь “-4.3” гэснийг “-4.2” гэж, 2018 онд “257.8” гэснийг “402.3” гэж, ДНБ-д эзлэх хувь  “0.9” гэснийг “1.4” гэж, 2019 онд “139.5” гэснийг “345.3” гэж, ДНБ-д эзлэх хувь “0.4” гэснийг “1.1” гэж өөрчлөх
  4. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд “-2,589.2” гэснийг “-2,408.7” гэж, ДНБ-д эзлэх хувь “-9.9” гэснийг “-9.1” гэж, 2018 онд “-2,140.8” гэснийг “-2,148.6” гэж, 2019 онд “-1,1749.8” гэснийг “-1,755.2” гэж тус тус өөрчлөх
  5. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2017 онд “1,494.2” гэснийг “1,483.9” гэж  ДНБ-д эзлэх хувь “5.7” гэснийг “5.6” гэж өөрчлөх
  6. Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр 2017 онд “22,197.4” гэснийг “22,889.5” гэж, ДНБ-д эзлэх хувь “84.8” гэснийг “84.4” гэж, 2018 онд “22,818.2” гэснийг “22,889.5” гэж, 2019 онд “23,798.9” гэснийг “23,903.1 гэж, ДНБ-д эзлэх хувь “74.8” гэснийг “74.9” тус тус өөрчлөх гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Үүгээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ