Шинэ ажлын байр гэхээс илүүтэй хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
Улсын хэмжээнд 875 хүүхэд харах нэгжид 6353 хүүхэд хамрагджээ. Тэдгээр харах үйлчилгээнд нийт 1206 хүүхэд харагч ажиллаж байгаа ба нийт 6353 хүүхдийн 297 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа аж. Товчдоо бол тус үйлчилгээнд эерэг сөрөг, цаашид анхаарвал зохих асуудлууд байгаа ч уг үйлчилгээнд хүүхдээ өгсөн эцэг эхчүүдийн хувьд гэрт ойр байгааг таашааж байгаа гэнэ.
Энэ онд хүүхэд харах үйлчилгээд 10328 хүүхэд хамарна гэж тооцоод улсын төсөвт 10,6 тэрбум төгрөгийг тусгасан байна. Гэвч үйл ажиллагаа 4 сараас эхэлсэн учир төсвийн тодотголоор 5,5 тэрбум төгрөг танагджээ. Улсын хэмжээнд 2016 оны 4, 5, 9, 10-р сард 2,86 тэрбум төгрөгийг олгосон байна. Мөн сүүлийн хоёр сард энэ үйлчилгээнд зориулж төсвийн тодотголоор 1.7 тэрбум төгрөг дахин төсөвлөжээ. Хүүхэд харах үйлчилгээний эрх хүссэн 79 нэгж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын танилцуулгад дурдагдав.
НХХЯ-наас сая Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй 29 нэгжид 7 бүлэг асуудлаар шалгалт хийсэн байна. Хуулиар нэг хүүхэд харагчид оногдох тоо 5 байдаг. Гэтэл энэ тоо илүүдэлтэй. Түүнчлэн хүүхэд харах нэгжид 15 хүүхэд байхаар хуулинд заасан. Шалгалтын явцад 60 хүртэл хүүхэдтэй нэгж ч байсан ба 2-оос доош насны хүүхэд ихээр хамрагдсан тал ажиглагджээ. Нэг хүүхдэд асран хамгаалагч буюу аав ээжээс нь төлөх хоолны зардал сард 70 орчим мянган төгрөг байх салбарын сайдын тушаал байдаг байна. Гэтэл зарим газарт эцэг эхчүүдээс сард 150 мянган төгрөг хүртэлх хэмжээний мөнгө авсан байжээ.
Цаашдаа Хүүхэд харах үйлчилгээг аттестатчлалд хамруулах, хуулийн орчныг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, камер байршуулах, хорооны эмч, цагдаагаар хяналт тавиулах, цэцэрлэгийн стандартад ойртуулах зэрэг санал гарчээ. Харин УИХ-ын гишүүдийн хувьд цэцэрлэгт тавьдгаас өндөр шаардлага тавьж болохгүй гэсэн байр суурьтай байв. Зөвхөн ажлын байр бий болгож байна гэхээс илүүтэй хүүхдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ажиллах хэрэгтэй гэцгээж байв.
Салбарын яамны зүгээс хуулиндаа хүүхэд харагч нарыг мэргэшүүлэх, үлгэр жишээ ажилласан нэгнийг нь сайшаах, нэгдсэн семинар зохион байгуулах, хүүхэд харагчдыг нийгмийн даатгалд хамруулах, цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлдэг болох хэрэгтэй хэмээн үзэж байна.
Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг УИХ-аас хойшлуулсан байсан. Харин 2017 оны улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ