АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ

Дэлхийд
sarnai@montsame.mn
2016-11-08 15:33:18

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Хэмпшир муж улсын нутгийн хойд хэсэгт орших Диксвилл-Ноч гэдэг бяцхан сууринд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ.

1960 оноос эхтэй уламжлал ёсоор бол, энэ сууринд амьдардаг иргэд орон нутгийн цагаар шөнө дундын үед буюу АНУ-ын бусад нутагт сонгууль авах байрнууд нээгдэхээс хэдэн цагийн өмнө саналаа өгч эхэлдэг байна.

Санал авах байр Диксвил–Ноч сууринд орших "Balsams" гэдэг зочид буудал дотор ажилладаг бөгөөд саналаа өгөхөөр зочид буудлын ажилтнууд болох 7 хүн бүртгүүлээд байгаа аж. Харин энэ жилийн хувьд зочид буудал засвартай тул хажууханд нь байх The Hale house гэдэг харшид санал авах байрыг нээжээ. 1895 онд уг зочид буудал болон цанын баазыг худалдан авсан Уильям Хейл гэдэг хүний нэрээр уг байшинг нэрлэсэн байна.

Дээр дурдсан долоон сонгогч АНУ-ын Ерөнхийлөгч, Конгрессын хоёр танхимд Нью-Хэмпшир муж улсыг төлөөлөх хүмүүс болон тус муж улсын захирагчийг сонгох юм.

Диксвилл-Ноч сууринд болж буй санал хураалтын дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг урьдчилан таамаглах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ сууринд санал хураалтыг хамгийн түрүүнд явуулдаг уламжлал бүр 1960 онд тогтсон учир гэвэл, ийм цөөхөн сонгогчдын санал нь сонгуулийн ерөнхий дүнд яагаад ч нөлөөлөхгүй гэж эрх баригчид үзсэнтэй холбоотой аж.  

“АНУ-д хамгийн түрүүнд санал хураалт эхэлдэг газар” гэгдэхийн төлөө Нью-Хэмпшир муж улсын Миллсфилд, Хартс Локейшн, Эллсуорт, Уотэрвилл Уэлли гэсэн дөрвөн суурин газар хоорондоо өрсөлддөг гэнэ.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ