Нью-Йорк хотод харуул хамгаалалтыг чангатгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-08 10:50:54

НЬЮ-ЙОРК. /NHK/. Иргэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгөх үеэр аюулгүй байдлыг хангахын тулд 5000 гаруй цагдаагийн ажилтныг Нью-Йорк хотод хамгаалалтад гаргах ажээ.

Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио болон тус хотын цагдаагийн газрын дарга Жеймс О’Нил нар даваа гарагт аюулгүй байдлыг хангахын тулд авч буй арга хэмжээний талаар мэдэгдэл хийсэн байна.

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтон болон Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп нар мягмар гарагийн оройноос эхлэн тус хотод өрсөлдөх юм.

Цагдаагийн ажилтнууд сонгуулийн санал авах байрны эргэн тойрны замын хөдөлгөөнийг хаах ажээ. Мөн хүмүүс олноороо цуглардаг буудал, талбай болон бусад газруудыг хамгаалалтад авах юм.

Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио хэлэхдээ “лалын хэт давруу  үзэлтнүүд Нью-Йорк хот болон бусад газруудад халдлага хийхээр төлөвлөж байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн. Нью-Йорк хот хэзээ ч терроризмын заналхийллээс айхгүй бөгөөд аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд тус хотын захиргаа цагдаа нар болон засгийн газартай хамтран ажиллах болно” гэж мэдэгджээ.

Цагдаа нар Times Square болон бусад газруудад бүрэн зэвсэглэсэн байгааг харахад айдас төрмөөр байгаа боловч нөгөөтэйгүүр бүрэн хамгаалалтад байна гэсэн мэдрэмжийг мөн төрүүлж байна гэж нэгэн жуулчин ярьжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ