Эцэг, эх, ахлах ангийнхны эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-07 14:22:40

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо “Боловсролын салбар дахь ил тод байдал ба эгэх хариуцлага” –төслийг хэрэгжүүлж буй “Мэдлэгийн сүлжээ” –ТББ-ын тэргүүн Т.Хонгорзул тайлангаа тавьж, холбогдох албаны хүмүүсийн саналыг сонсож, цаашид хэрхэх талаар хамтран хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтсийн дарга Д.Хүрэлсүх, БСУГ-ын дарга Ц.Мөнхбат, багш эцэг эхчүүдийн нийгэмлэгийн тэргүүн М.Шагдарсүрэн, аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын ажилтан мэргэжилтэн ЕБС-иудын удирдлага, ня-бо нар идэвхтэй оролцлоо.

Оролцогчид эцэг, эх, ахлах ангийн сурагчдын эдийн засгийн мэдлэг дулимаг байгааг дурьдаад энэ чиглэлээр чадваржуулахад хамтран ажиллахаар тогтлоо.

Төслийн баг Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургуулиуд дээр засаглалын, сэтгэл зүйн, материаллаг орчинд  суурь судалгаа явуулжээ. Түүнчлэн зорилгоо боловсролын төсөв болон худалдан авах ажиллагааны ил тод явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар боловсролын илүү чанартай үйлчилгээнд хувь нэмрээ оруулахад чиглүүлжээ. Гурван сургууль дээр эцэг эх багшийн холбоо байгуулж, чадваржуулах замаар эцэг эх багшийн хамтын ажиллагааг бэхжүүлж, “Сайн сургуулийг дэмжих” –аргачлалаар ажиллаж байна.

Уг төслийг Дэлхийн банк санхүүжүүлж, Глоб Интернэшнл төв хариуцаж, БСШУЯ, Сангийн яам хамтран 8 аймгийн 20 сумын 28 сургуульд хэрэгжүүлж байгаа бөгөөд Архангай аймгийн хувьд энэхүү төслийг “Мэдлэгийн сүлжээ”-ТББ хэрэгжүүлж байгаа юм.

Л.Булган

Холбоотой мэдээ