АНУ-ын Засгийн газраас Батлан хамгаалах салбарт 35 машин тусламжаар өгөв

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2015-10-12 09:54:12

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламжаар цэргийн зориулалттай 35 ширхэг "Wrangler" загварын автомашиныг гардуулав.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Монгол Улс, АНУ хоёрын хамтын ажиллагааны чухал суурийг батлан хамгаалах салбар эзэлдэгийг онцлох ёстой. Манай хоёр улсын нийтлэг эрх ашиг, ард түмнүүдийн найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан 1991 оноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах чиглэлээр өргөн хэмжээнд хөгжиж байгаа.  Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй Ирак, Афганистан улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүргээ амжилттай гүйцэтгэж байсан юм" хэмээгээд тусламжийн автомашиныг Зэвсэгт хүчний ангийн захирагч нарт гардуулан өгсөн юм. АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар өгч байгаа  "Wrangler" загварын автомашин нь туулах чадвар сайтай, техникийн хувьд өндөр хэмжээнд бүтээгдсэн цэргийн зориулалттай машин юм.

Энэ үеэр Батлан хамгаалах сайд Ц.Цолмонгоос зарим зүйлийг тодруулав.

-АНУ-ын Засгийн газраас үзүүлсэн буцалтгүй тусламжийн автомашиныг хэрхэн хуваарилсан бэ?

-АНУ-ын Засгийн газраас манай улсын энхийг дэмжих оролцох оролцоог нэмэгдүүлэх, техникийн чадварыг сайжруулах чиглэлээр тусламж үзүүлдэг. Тусламжийн буухай болж цэргийн зориулалттай энэ 35 машиныг өгч байна. Энэ автомашиныг бид энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулдаг Зэвсэгт хүчний ангиуд, эмнэлэг болон бусад мэргэжсэн байгууллагадаа хувааж олголоо. Ирэх сард мөн энэ тооны тусламжийн автомашин ирэх учиртай.

-Зэвсэгт хүчний хэмжээнд машин техникийн хувьд хангалттай байж чаддаг уу. Туулах чадвар сайтай автомашин хэр их байдаг бол?

-Мэдээж тодорхой төвшинд хангагдсан байгаа. АНУ-ын эдгээр машинууд нь ирснээр хангалт дахин нэмэгдэж байгаа бид бүхэн баяртай байна. Энэ дашрамд хэлэхэд, АНУ-ын Засгийн газар, манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамныхандаа талархлаа илэрхийлье" гэсэн юм.

Холбоотой мэдээ