NBA-ийн Бүх оддын тоглолтыг шинэ форматаар зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны зургаадугаар сарын 5 /AFP/. Ирэх оны NBA-ийн Бүх оддын тоглолтыг “АНУ vs Дэлхий” гэсэн форматаар зохион байгуулна гэж Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ комиссар Адам Сильвер лхагва гарагт мэдэгджээ.
Энэ оны хоёрдугаар сард болсон тэмцээний шинэ формат тоглогчдын сэтгэлд хүрээгүй, мөн телевизээр үзэгчдийн тоо буурсны дараа энэхүү алхмыг хийж байна.
Бүх оддын тоглолт "АНУ-ын баг vs Дэлхийн баг" гэсэн форматаар явагдах эсэх талаар “Fox
Sports One” сувагт ярилцлага өгөх
үеэр нь А.Сильверээс асуухад “тийм” гэж хариулсан байна. “Хэвлэл мэдээллийн салбарын шинэ гэрээний хүрээнд ирэх онд Бүх оддын тоглолтыг NBC суваг дахин дамжуулж эхэлнэ. Тоглолт мөн өвлийн Олимпын дундуур болно
гэдгээрээ онцлогтойг” А.Сильвер хэлжээ.
Бүх оддын тоглолтыг ийм форматаар зохион байгуулснаар энэ улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон “Оклахома Сити”-гийн канад сагсанбөмбөгч Шей Гилжес-Александерийг NBA-ийн финалын өрсөлдөгч “Индиана”-гийн америк тоглогч Тайриз Халибертоны эсрэг, мөн ЛеБрон Жеймс, Кевин Дюрант, Стефен Көрри зэрэг америк сагсанбөмбөгчдийг Яннис Антетокоунмпо, Никола Жокич, Виктор Вембанямама зэрэг дэлхийн оддын эсрэг тоглох боломжийг олгож магадгүй байна.
А.Сильвер хэлэхдээ, нарийвчилсан формат одоогоор тодорхой болоогүй байгаа боловч NBA өнгөрсөн хоёрдугаар сард болсон Хойд америкийн үндэсний хоккейн лигийн /NHL/ дөрвөн үндэстний тэмцээн олны анхаарлыг ихээхэн татаж чадсаныг харсан гэв. “Бүх оддын тэмцээн яг ямар форматтай байхыг би хараахан хэлж мэдэхгүй байна. Мэдээж NHL-ийн хийсэн зүйл олны анхаарлыг татаж чадсан нь маш том амжилт байсан” гэж тэрбээр хэлжээ. Тэрбээр мөн NBA-ийн оддоос бүрдсэн АНУ-ын шигшээ баг түрүүлсэн өнгөрсөн оны Парисын Олимпын сагсан бөмбөгийн тэмцээнийг олон хүн телевизээр үзсэнийг онцолсон байна.