Ойгоо тэмдэглэх гэж найман сар бүтээн байгуулалтын ажил хийлээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 00:00:16

Дархан хотыг ундны цэвэр усаар хангаж гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг “Дархан-Ус суваг” ХК-ийн 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Манай компани одоогоос 50 жилийн тэртээ 1965 оны гуравдугаар сарын 17-нд “Дархан-Ус сувгийн товчоо” нэртэйгээр анх тулгын чулуугаа тулсан тэр цагаас хойш даруй 50 жил өнгөрч түүхэнд бүтээн байгуулсан ахмад дунд үе, тэдний үйлсийг нэр төртэйгээр залгамжилж яваа хамт олны маань хөдөлмөрөөр хэрэглэгчдийн амин чухал хэрэгцээ, алтаар ч орлуулшгүй чандмань эрдэнэ болсон усыг түгээж байна. Манай хамт олны үе үеийн удирдлага, ахмадууд, инженер техникийн ажилтнуудын байгуулж бидэнд хүлээлгэн өгсөн хариуцлагатай албыг 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэж ирлээ. Манайх хотынхоо үйлчлүүлэгч айл өрх, аж ахуйн нэгж үйлчилгээний байгууллагуудын хэвийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг хангаж хотынхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж түүхт ойтойгоо золгож байна. Одоо манайх үндсэн болон гэрээт ажилтантайгаа нийт 270-аад ажиллагсадтай.

-Ойгоо угтаж ямар ямар бүтээлч ажил хийв? Ойн нээлт чинь аль эрт оны дараа болсон биз дээ?

-Бид түүхт ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр жилийн эхнээс сар бүр 2-3 бүтээлч ажлыг төлөвлөн ажиллаж өнгөрсөн хоёрдугаар сард болсон нээлтэдээ компанийхаа үе үеийн ахмадууд, хамт олны оролцоотойгоор улс аймгийн алдар цолтой бөхчүүд оролцсон 128 бөхийн барилдааныг Дархан хотын хэмжээнд зохион байгуулсан бол “Бурхантын хурд” 2015 хурдан морины уралдааныг ивээн тэтгэж төр олон нийтийн байгууллагуудтай хамтарч амжилттай зохион байгуулж явуулсан. Мөн Төвийн бүсийн нийтийн аж ахуйн байгууллагуудын болон компанийн нийт ажилтнуудын дунд урлаг спортын наадам, хэлтэс албадын дунд ой угтсан бүтээлч ажлын аян, болзолт уралдаан зарлаж 17,6 сая төгрөгөөр байгууллага, орчноо тохижуулах ажлыг хамт олны хандивын хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн зэрэг олон бүтээлч ажил хийлээ.

-Үндсэн үйлдвэрлэлээ дэмжих хэвийн ажиллагааг нь хангах чиглэлээр хийсэн ажил байгаа юу? Ус дамжуулах шугам хоолой муудсан, ашиглалтын хугацаа нь дууссан гэж ярьдаг биз дээ?

-Хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай, нөхцөл байдал хүндхэн байгаа ч манай нийт шугам хоолойн 60 гаруй хувь нь хуучирсан байнгын гэмтэл гардаг энэ үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усны эх үүсвэр болон хороолллын доторх 19,2 км шугам сүлжээг 4,4 тэрбум төгрөгөөр, мөн байнга гэмтэл гардаг 10 цэгт 2,4 км шугам сүлжээг 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, компани өөрийн хөрөнгөөр 3,9 км шугам сүлжээг 398,3 сая төгрөгөөр гүйцэтгэсэн. Түүнчлэн энэ онд Дархан сумын 15 дугаар багийн нутаг Мангирт хорооны 152 сая төсөвтэй 1.6  квадрат метр цэвэр усны төв шугам хоолойг өөрийн шууд зардлаар хийллээ. Гүйцэтгэлийн ажил 80 хувьтай, шинэ технологийн дагуу хуванцар хоолойгоор шинэчлэн сайжруулснаар усны алдагдлыг 50 хүртэл хувиар бууруулж 21 хувьд хүргэж чадсан нь компаний ажилтан ажиллагсдын хамтын нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

-Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж ярьдаг. Чухам ямар төсөл хэрэгжүүлж ямар үр дүнд хүрсэн бэ?

-Манайх өнгөрсөн онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 245 сая төгрөгний үнэ бүхий хүчин чадал өндөртэй эксковатор нийлүүлэгдсэн нь аваар гэмтлийг барагдуулах норматив хугацааг багасгаж шуурхай ажиллагааг хангаж хэрэглэгчдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж чадлаа.  Цаашид Дархан хотын “Бохир усны менежментийг сайжруулах“ ажлын хүрээнд бохир усны техник технологийн шинэчлэлт хийх төслийн ТЭЗҮ-г боловсруулах судалгааны ажлыг Азийн Хөгжлийн банкны төслөөр хийж Монгол улсын Засгийн газарт өргөн барьж шийдвэрлүүлснээр уг төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр төрөлх хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оруулах томоохон хөрөнгө оруулалт болох төдийгүй Хараа голын сав газрын эко орчин бүрдэж улмаар олон улсын өмнө экологийн тэнцвэрийг хадгалах нэр төртэй үүрэг хүлээсэн ажил болж улам баталгаажлаа.

-Танай төслийн хүчин чадал чинь хэчнээн бэ? Бүрэн ашиглаж байгаа юу?

-Манай ус хангамжийн тоноглолуудыг хоногт 70 мянган куб метр цэвэр ус олборлож 50 мянган куб метр бохир ус татан зайлуулах хүчин чадалтайгаар барьж байгуулсан. Гэтэл одоо хүчин чадлынхаа багахан хувь болох 10 гаруй мянгыг нь л ашиглаж байна. Учир нь анх барихдаа Дархан Дулааны цахилгаан станцын хэрэглэх усыг тооцож барьсан байхад тус станц өөрөө худаг гаргаж манайхаас ус авахгүй болсноор энэ хэмжээ багасаж байгууллага маань алдагдалд орж эхлэсэн. Станц чинь ус их хэрэглэдэг шүү дээ. Энэ нь их буруу юм л даа. Анханаасаа техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцоод хийчихсэн юмыг эргээд ганцхан салбарт нь анхаараад үгүй болгоно гэдэг нь байж болохгүй зүйл л дээ.

-Ажиллагсдын нийгмийн асуудлыг хэр зэрэг анхаарч ирсэн бэ? Дөрвөн жилийн өмнө танай байгууллагын үйлдвэрчний хороо ажиллагсдын цалин бага, нийгмийн асуудалд нь бага анхаардаг гэж шүүмжилдэг байсныг санаж байна. Одоо ямар болов?

-Бид үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ ажиллагсдын нийгмийн асуудалд онцгой анхаарч сүүлийн жилүүдэд ажиллагсдын цалинг 63 хувиар нэмснээр ажиллагсдын дундаж цалин 700 мянган төгрөг боллоо. Ажилтнуудад олгодог тэтгэмж, тэтгэлэг, нэг удаагийн буцалтгүй тусламжуудыг 20-50 хувиар нэмэгдүүлж нийт ажиллагсад Капитал, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг арилжааны банкуудтай хамтарч нэг тэр бум гаруй төгрөгийн цалингийн зээл олгосон дүн мэдээ гарсан. Бид компанийнхаа ажиллагсдын ажиллах нөхцлийг сайжруулахад анхаарч ажилласнаар бүх станц, ажлын байруудыг засварлах шинэчлэх ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бол төрөлх хотынхоо хөгжил дэвшил бүтээн байгуулалтад зохих хувь нэмэр орууллаа. Ингээд компанийн үе үеийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, инженер техникийн болон нийт ажиллагсад хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагууддаа талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье гэв.

Б.Норовсамбуу

 

 

Холбоотой мэдээ