ЗАВХАН: Зайнаас оношлох, анагаах үйлчилгээг таван суманд нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-24 16:25:01

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 5 сумын эрүүл мэндийн төвд телемедициний тоног төхөөрөмж хандивлах гэрээнд гарын үсэг зуржээ.


"Их өргөө ротари" клубийн дэмжлэгтэйгээр Smart mental health project төсөл Завхан аймагт хэрэгжиж эхэллээ. Энэ төсөл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй болгох зорилготой бөгөөд телемедициний үйлчилгээг нэвтрүүлэх юм.


Төслийн хүрээнд Rossmax брэндийн телемедициний тоног төхөөрөмжийг Улиастай, Нөмрөг, Баянхайрхан, Цэцэн-Уул, Их-Уул сумын эрүүл мэндийн төвүүдэд хандивлах. Эдгээр байгууллагуудтай цаашид хамтран ажиллах, тоног төхөөрөмжийн зааварчилгаа өгөх сургалтыг зохион байгуулах гэрээнд Ротари клуб, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд гарын үсэг зурж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Төслийн үр өгөөж нь алслагдсан бүс нутгийн иргэдэд хүртээмжтэй, эрүүл мэндийн тогтвортой тусламж үйлчилгээг хүргэх.


Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, иргэдэд зөвлөгөө өгөх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг ашиглах, зайнаас хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг олгох зэрэг олон давуу талтай юм.


Телемедицин үйлчилгээг хөгжүүлснээр тухайн өвчтөнд ямар эмчилгээ нэмж хийх, одоогийн эмчилгээ нь таарч байгаа эсэх, эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх зэрэг энгийн зүйлээс авхуулаад өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг зайнаас үл хамааран чадвартай эмч нараас авах боломжтой юм. Ингэснээр өвчтөндөө оновчтой эмчилгээг үр дүнтэй хийх боломж бүрдэнэ гэж Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.


Ташрамд, телемедицин гэдэг нь зайнаас анагаах, оношлох гэсэн утгыг агуулах бөгөөд харилцаа холбоо болон мэдээллийн технологийг ашигладаг гэдгээрээ онцлог. Үгийн хувьд телемедицин гэдэг нь теле-анагаах ухаан гэсэн утгатай ажээ.


Холбоотой мэдээ