УВС: Монголд 1000 орчим ирвэс байдгийн 100 нь Увс аймагт нутагладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Цоохор ирвэс өндөр уулсын экосистемийн идэш тэжээлийн гурвалжны дээд оройд
байж тухайн бүс нутгийн байгаль орчны тэнцвэрт байдлыг илэрхийлдэг амьтан юм.
Цоохор ирвэсийг хамгаалснаар тухайн экосистемийн анхдагч хэлбэр хадгалагдаж, биологийн олон янз байдал хэвээр үлддэг байна. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс байдгийн 100 орчим нь Увс аймагт нутагладаг аж.
Ирвэс нь цаст өндөр уулын мөсөн оргилд хүрч, хад асганд
нуугдаж, өвөр, хоолойгоор нь хэрэн тэнэж, бэлд нь бууж чаддаг цорын ганц амьтан
учраас уулын сүр сүлд буюу "Уулын эзэн" хэмээн нэрийддэг байна.
Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв
Азийн ирвэс бүхий 12 улс орон санал нэгдэж жил бүрийн 10 дугаар сарын 23-ныг
“Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхаглажээ.
Хүний буруутай үйлдлээс болж өндөр уулын “хаан” цоохор ирвэсийн амьдрах орчин хумигдаж, хоол тэжээл нь хомсдож, жил ирэх тусам цөөрч байгаа нь харамсалтай.
Монголчуудын хувьд энэ амьтан нь бахархал, байгалийн
өвийг илэрхийлэгч бэлгэ тэмдэг билээ.
Ирвэс нь үс ихтэй урт сүүлтэй байдаг нь цаснаас өөрийгөө халхалж,
тэнцвэрээ хадгалах үүрэгтэй байна. Зузаан, урт хөвсгөр үс нь хүйтэн цаг агаарт
дасан зохицдог байна. Биеийн урт нь 90–115 см, сүүлний урт нь 80–100 см, жин нь
25–55 кг байдаг.
Арьсан дээрх том цоохор толбонууд нь өвөрмөц бөгөөд
далдлагдах чадварыг нь нэмэгдүүлдэг байна.
Ирвэс нь нууцлаг амьдралтай, ихэнх цагаа ганцаар
өнгөрөөдөг, шөнө болон үүрийн бүрийд идэвхтэй бөгөөд голдуу янгир, аргаль, туруутан амьтдаар хооллодог аж.
Ихэвчлэн 2-3 зулзага төрүүлдэг ба эх нь тэднийг 18 сар орчим тэжээж асардаг байна.
Цоохор ирвэсийг хамгаалах нь экологийн, эдийн засгийн
болон соёлын олон талт ач холбогдолтой аж. Үүнд:
1. Экологийн ач холбогдол:
Экосистемийн тэнцвэрийг хадгалдаг: Цоохор ирвэс нь идэш
тэжээлийн сүлжээний дээд шатанд байрлах махчин амьтан бөгөөд хулан, янгир,
аргаль зэрэг өвсөн тэжээлт амьтдын тоо толгойг зохистой хэмжээнд барьж,
өвс ургамлын бүрхэвчийг хамгаалахад тусалдаг байна.
Биологийн олон янз байдлыг хамгаалах түлхүүр зүйл: Цоохор
ирвэсийг хамгаалснаар түүний амьдардаг уулархаг бүс нутагт хамт оршдог бусад
олон зүйлийн ургамал, амьтан ч мөн хамгаалагддаг. Үүнийг “umbrella species”
буюу "шүхэр зүйл" гэж нэрлэдэг байна.
2. Эдийн засгийн ач холбогдол:
Эко аялал жуулчлал: Цоохор ирвэсийн амьдрах орчин болох
байгалийн онгон дагшин газар нутгийг сонирхох эко жуулчдын урсгал нэмэгдэж,
орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэж, тогтвортой амьжиргаа бий болдог аж.
Уламжлалт аж ахуйг хамгаалах урамшуулал: Цоохор ирвэсийг
хамгаалах хөтөлбөрүүд орон нутгийн малчидтай хамтран ажиллаж, мал сүргээ
хамгаалахад тусалж, нөхөн төлбөр олгох систем бүрдүүлж байна.
3. Соёл, танин мэдэхүйн ач холбогдол:
Монголчуудын өв соёлын нэг хэсэг: Цоохор ирвэс нь
Монголын ард түмний уламжлалт аман зохиол, домогт дүрслэгддэг, бахархалт бэлгэдлийн
амьтан.
Глобал анхаарал татсан амьтан: Цоохор ирвэс нь дэлхий
нийтээр ховордож буй, олон улсын хэмжээнд хамгаалагдаж буй зүйл бөгөөд Монгол
Улс цоохор ирвэсийг хамгаалж буй орнуудын нэг гэдгээр олон улсын нэр хүндийг
дээшлүүлдэг байна.
4. Хууль, бодлогын ач холбогдол:
Байгаль орчныг хамгаалах төрийн бодлогын нэг хэсэг:
Цоохор ирвэсийг хамгаалах нь Монгол Улсын байгаль орчны бодлого, олон улсын
гэрээ хэлэлцээр (Жишээ нь: CITES, CMS) хэрэгжих үндэс болдог аж.
Хамтарсан хамгаалалт, олон улсын хамтын ажиллагаа: Цоохор ирвэс нь хил дамнасан нүүдэлтэй учраас Монгол, Хятад, Орос, Киргиз зэрэг орны хамтарсан хамгаалалтын үйл ажиллагааг явуулдаг байна.