Хүүхдүүд байгууллагаа сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-03 20:26:32
Yesukheitumur Tumurbaatar

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар" хүүхдийн хөгжлийн чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа танилцууллаа. Төв аймгийн хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь таван төрлийн дугуйланг өвөл цагийн “Хичээлийн жилийн нээлт”-тэй уялдуулж зохион байгуулж байгаагаа ГБХЗХГ-ийн дарга Д.Бадамцэцэг онцолсон юм.

Өдөрлөгт эцэг эх, хүүхдүүдийн төлөөлөл болох 138 иргэн оролцож, дугуйлан тус бүрийн үйл ажиллагаатай танилцахаас гадна амжилт ололт гаргасан суралцагч хүүхдүүдийн талаар танилцлаа. Түүнчлэн анхлан суралцагч дугуйлангийн хүүхдүүд нэг сарын хугацаанд юу сурч мэдсэнээ бусдадаа тайлагнаж танилцуулав.

Үүнээс гадна өдөрлөгийн үеэр дугуйлангийн суралцагч хүүхдүүд хичээлээс гадуурх хугацаанд “Хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-аас явуулж дугуйланд хамрагдсанаар авьяас чадвараа хэрхэн нээж илрүүлэх болон өөрийгөө хөгжүүлэх боломжтой талаар үе тэнгийнхээ нөхдөдөө сурталчилсан юм. Харин өдөрлөгийн төгсгөлд долоон хүүхэд шинээр дугуйланд хамрагдахаар болжээ.

Энэхүү Монгол бахархлын өдрийг хүүхэд залуучуудын дунд өргөн тэмдэглэж сурталчлах нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэхэд оршиж байгаа юм хэмээн Төв аймгийн ЗДТГазрын дарга Ч.Сарангэрэл онцоллоо.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ