А.Энхнаран: Ном уншсанаар үгийн баялагтай болж, цээжээр алдаагүй бичиж сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-20 14:53:59

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог 37 дахь удаагийн номын баяр Дорноговь аймгийн Сайншанд хотын Хүүхдийн ордонд өчигдөр боллоо.


Энэ удаагийн номын баяр "Үндэсний бичиг соёлоо дээдэлье" уриан дор болж 14 сумын номын сан, соёлын байгууллага оролцсоноос гадна аймгийн номын сангийн ховор, хуучин ном, үндэсний бичиг соёлын үзэсгэлэн, аймгийн зохиолчдын гар бичмэл номын үзэсгэлэнг дэлгэжээ. Үүнээс гадна уламжлалт мал аж ахуйн өв соёлыг харуулсан боловсролын үзэсгэлэнг сумдын Соёлын төвийн ажилтнууд олны хүртээл болгов.


Мөн номтой нөхөрлөж ном уншдаг хүүхдүүдийг Соёлын яамны шагнал болох тэргүүний уншигч Нацагдорж тэмдгээр шагнасан юм. Түүний сэтгэгдлийг товчхон сийрүүлье. Алтанболдын Энхнаран Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулийн 5а ангид сурдаг. Тэрбээр анх хүүхдийн ном уншиж эхэлснээр номд дурлан, сар бүр 30 гаруй ном уншдаг болжээ.


Түүний унших дуртай ном нь танин мэдэхүйн болон уран зохиолын төрлийн ном байдаг аж. Тэрбээр ном уншсанаар аливаа зүйлийг түргэн ойлгож ухаардаг төдийгүй цэгцтэй сэтгэж чаддаг хэмээн ярив. Тиймээс ном их уншаарай. Ном уншсанаар үгийн баялагтай болж, цээжээр алдаагүй бичиж сурна хэмээн үеийн хүүхдүүд, дүү нартаа захив.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг 37 дахь номын баяр уламжлалт өв соёлоо дээдэлж, үндэсний тоглоом наадгайгаар оюун ухаанаа чимсэн, иргэд, хүүхэд багачууд олноор цугларсан өргөн дэлгэр боллоо.




Холбоотой мэдээ