Гадаад паспортдаа наалт хийлгэхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулаад байна. Тиймээс гадаад паспортдаа наалт хийлгэхийг Гадаадын иргэн, харьяатын газраас анхааруулж байна.
Цахим гарцаар саадгүй, шуурхай нэвтрэхийн тулд урьдчилсан бүртгэл хийлгээд гадаад паспорт дээрээ НААЛТ буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэх хэрэгтэй болсон байна. Гадаад паспорт дээрээ НААЛТ буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэснээр иргэн та цахим гарцаар 5-15 секундын хугацаанд шалгагчгүйгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэнэ. Өдөр бүр ажлын цагаар буюу 08.00- 17.00 цагийн хооронд дор дурьдсан газруудад бүртгэл хийж байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал, Явагчийн танхимын №2 кабин
Дүнжингарав худалдааны төв дэх “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн №26 дугаар цонх
Бүрдүүлэх материалын жагсаалт:
Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/
Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/
Бүртгэл хийлгэх явцдаа баруун, зүүн гарын долоовор хурууны хээ өгөх болон төхөөрөмжид нүүрний зураг авахуулах юм.
Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгоно гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Ж.Батсайхан