АРХАНГАЙ: Бөхөн шарын нурууны малчдын сайн туршлагыг танилцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-16 09:01:40

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь орон нутгийн тусгай хамгаалалттай Бөхөн шарын нурууны малчин өрхүүд, нутгийн иргэд хэрхэн хамгааллын менежмент явуулж, байгалийн нөөцийг зохистой ашиглахын сацуу эдийн засгийн эргэлтэд оруулж, өөрийгөө санхүүжүүлэх чадвартай бүс болгож байгаа туршлагатай танилцжээ.

 

Энэхүү танилцах аяллыг "Цэнгэг ус хамгаалал" хөтөлбөрөөс зохион байгуулж, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цаг уур, Байгаль орчны газар, Дэлгэрмөрөн-Шишхэд болон Хөвсгөл нуур-Эг-Үүр голын сав газрын захиргаад, малчдын нөхөрлөлийн төлөөллүүдийг оролцуулсан байна.

Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл сумын нутаг дэвсгэрт 58 мянган га талбайд оршдог энэхүү тусгай хамгаалалттай нутагт 54 овог, 166 төрөлд хамаарах 334 зүйл ургамалтай. Үүний дотор Монголын Улаан номд бүртгэгдсэн нэн ховор ургамал 12 зүйл бий.

 

Нохой зээх, баданга хүдэр, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, чандага туулай, бараа хэрэм зэрэг ой тайга, таг, Төв азийн хээрийн зүйлүүдтэй. Мөн 484 орчим булш тэмдэглэгдсэн түүхийн ач холбогдолтой бүс юм.

 

Бөхөн шарын нурууг дээрх үндэслэлээр 2021 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд үүнээс хойш нутгийн иргэд зэрлэг амьтан, ховор ургамал ажиглах, ууланд авиралт, рашаан болон түүх, археологид түшиглэсэн эко аялал жуулчлал, зөгийн аж ахуй, махны үйлдвэр тэргүүтэй экологийн үйлчилгээ санал болгож эхэлжээ. Түүнчлэн баданга хүдэр, халиун буга нутагшуулж байгаа юм.

 

Хөвсгөл нутагт энэхүү сайн жишгийг нутагшуулах боломжийн талаар тус аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Батсайхан “Хөвсгөл аймаг цэнгэг усны нөөц, тайга гэх мэт унаган байгалийн тогтоц бүхий үзэж харах зүйл ихтэй. Мөн орон нутгийн тусгай хэрэгцээнд газар нутгаа 100 хувь авсан. Тусгай хамгаалалтад авснаар унаган байдлыг нь хадгалж үлдээх, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах, хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой. Үүний сацуу гол газрууддаа орон нутгийн хамгааллын менежментийг хэрэгжүүлж ажиллах нь зөв юм байна гэдгийг харлаа” гэжээ.

 

Экологийн холбоос нутаг болсон Бөхөн шарын нурууны орон нутгийн тусгай хамгаалалтын газрыг тусгай хамгаалалтад авах үндэслэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОУАӨЯ, ХХАХҮЯ-наас хамтран хэрэгжүүлж буй “Унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” буюу ENSURE төсөл гаргаж, 2021 онд баталж байжээ. Улмаар санхүүжилт, сайн менежментийн жишиг бүхий хамгаалалтын бүс болгоход дэмжин ажилласан байна.

Холбоотой мэдээ