Япон улс Мьянмарт 7.7 тэрбум долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-03 12:44:53

ТОКИО. /Kyodo/. Мьянмар улсад 800 тэрбум орчим иен буюу 7.7 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ.

Японд айлчилж буй Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чи-г Ерөнхий сайд Ш.Абэ лхагва гарагт хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.

Ирэх таван жилийн хугацаанд Японы төр болон хувийн хэвшлээс үзүүлэх тусламж нь газар тариалан эрхэлдэг тосгодын дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох болон аж үйлдвэрийг дэмжих  зэрэг есөн чиглэлийг хамрах аж.

Мөн Япон улсаас Мьянмарт 100 сая орчим доллартой тэнцэх мөнгөн дүн бүхий иенийн зээл олгох аж. Хамгийн бага хүүтэй уг зээлийг Мьянмарын хоёр усан цахилгаан станцыг засварлахад зарцуулах юм.

Хатагтай Ан Сан Су Чи Японы Ерөнхий сайдын хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Мьянмарт ардчиллыг бэхжүүлэх, энх тайвныг тогтоох, хөгжлийг хөхиүлэн дэмжихэд Япон улс цаашид ч тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ