“National Geographic”-ийн нүүр хуудас болсон Шарбат Гула баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-11-03 11:08:16

ПЕШАВАР. /Sputnik/. 1985 онд “National Geographic” сэтгүүлийн хавтсанд гэрэл зураг нь гарснаар дэлхий дахинаа алдаршсан Шарбат Гула гэдэг эмэгтэй бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогджээ. Түүнийг албадан нутагт буцаах эсвэл Пакистаны шоронд 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж магадгүй болоод байна.

1985 оны зургадугаар сард “National Geographic”-ийн зурагчин Стив МакКарри Гулагийн алдартай зургийг авсан нь дүрвэгчдийн зовлон шаналлыг илтгэн харуулсан бэлгэ тэмдэг болсон юм.

Нэгийг өгүүлэх ногоон нүдээ 12 настай байхдаа “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд мөнхөлсөн энэ афган эмэгтэй өнгөрсөн долоо хоногт хуурамч паспорттайгаар Пакистанд хууль бусаар орогносон гэх үндэслэлээр Пешавар хотод баривчлагдсан байна. Хэрвээ түүний энэ үйлдэл нотлогдвол Пакистанаас албадан гаргах эсвэл тус улсын шоронд 14 жил хорих ялаар шийтгэж магадгүй гэж Карачи хотын хүний эрхийн өмгөөлөгч Зиа Аван мэдэгдлээ.

Пакистан, тэр дундаа Пешавар хотод Афганистаны дайнаас дайжсан хэдэн сая дүрвэгчид орогнодог ажээ. Харин Пакистаны эрх баригчид дүрвэгчдийг хүчээр гаргах арга хэмжээ авч, тэдний гарч явах ёстой эцсийн хугацааг гуравдугаар сар гэж тогтоожээ. Гэтэл Афганистанд өнөөг хүртэл мөргөлдөөн үргэлжилж байгаа учраас дүрвэгчид гэртээ харихыг хүсэхгүй байна.

Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн долдугаар сараас хойш 370 мянга орчим афган дүрвэгч эх орондоо харьжээ.

Шарбат Гула өнгөрсөн жил хуурамч паспорттой явж байгаад баривчлагдсан боловч дараа нь суллагдсан байна. Хэрвээ энэ эмэгтэй дүрвэгчийн статустай гэдэг нь тогтоогдвол бид түүнд туслах боломжтой гэж Афганистан дахь НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ