ЗАВХАН: Таеквондогийн 8 тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн "Цэцэн шонхор" клубийн тамирчид Олон
улсын таеквондогийн өсвөр үе, залуучууд, мастер ангиллын улсын аварга
шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр 4-р байр эзэлжээ.
Олон улсын
таеквондогийн өсвөр үе, залуучууд, мастер ангиллын улсын аварга шалгаруулах 30
дахь удаагийн тэмцээнд тус клубийн 118 тамирчин оролцжээ. Тамирчид тэмцээнээс 16 алт, 16 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн байна. Мөн
тэмцээнд амжилттай оролцсон 9 тамирчин спортын дэд мастер, 1 тамирчин спортын
мастер цол хүртэж, цол зэргээ гардан авсан байна. Өсвөрийн тамирчдаас 3, насанд
хүрэгчдээс 5 тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас оролцох эрхээ авчээ.
Завхан аймагт тив, дэлхийн аваргууд ажиллаж, амьдарч байгаагийн үр дүнд таеквондогийн спорт хөгжиж байна.
Таеквондогийн дэлхийн, Ази тивийн хошой аварга тамирчин С.Будхүү аймагтаа ажиллаж амьдардаг бөгөөд "Цэцэн шонхор" клубийг үүсгэн байгуулсан төдийгүй орон нутагт энэ спортыг хөгжүүлэхээр олон талын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Таеквондогийн спорт таван төрөлтэй. Тулаан, эргэлттэй өшиглөлт, онцгой чадвар гэсэн төрлүүдийг Завхан аймагт илүү хөгжүүлэхээр тамирчдаа бэлтгэдэг.
Таеквондогийн спортоор бүх насныхан хичээллэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 760 гаруй хүүхэд, залуус идэвхтэй хичээллэж байна.
Аймгийн 7 сум таеквондогийн клубтэй болсон бөгөөд жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдэж, тамирчдын чадвар ч сайжирч байна. Дээрх сумдад манай шилдэг тамирчид ажиллаж амьдарч байгаа нь бас эерэг нөлөө үзүүлж байна. Тухайлбал Улиастай сумын Дэвшил сургуульд Азийн аварга хүүхэд суралцаж байна. Цагаанхайрхан суманд гэхэд мөн Азийн аварга тамирчин багшилж, таеквондогийн спортыг орон нутагтаа хөгжүүлж байна.
Хүүхэд, залуучууд таеквондогийн спортоор тууштай хичээллэх нь олон сайн талтай. Хүүхэд бие, сэтгэлийн хувьд эрүүл, чийрэг, тэвчээр хатуужилтай, хамгийн гол нь бусдыг хүндэлж сурдаг гэж Ази, дэлхийн аварга тамирчин, Цэцэн шонхор клубийг үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч С.Будхүү хэллээ.
Цэцэн шонхор клубийн тамирчид