ЗАВХАН: Энэ жил 150 га-д татмын ойжуулалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан
сумын Яруугийн гол дагуу нийт 80 га газарт татмын ойжуулалт хийж, байгалийн аясаар нөхөн сэргэх
боломжийг бүрдүүлжээ.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ, БОУАӨЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг 2021 оноос Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгийн 68 суманд хэрэгжүүлж байгаа юм.
Алдархаан суманд Адапт төслийн дэмжлэгээр 2023 онд 30 га, 2024 онд 50 га газарт татмын ойжуулалт хийсэн байна. Завхан аймагт төслийн хүрээнд татмын ойжуулалтаас гадна ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, хөв цөөрөм байгуулах. Булгийн эх хашиж хамгаалах, бэлчээрийн менежмент буюу нөхөн сэргээх, сэлгэх, хадлан тэжээлийн нөөц газар байгуулах, эслэг бүтээгдэхүүн болон өвс тэжээлийн агуулах барих, засварлах, шинээр худаг гаргах ажлыг үр дүнтэй хийснээр 61000 гаруй иргэн, малчид үр шимийг нь хүртжээ.
Яруугийн гол дагуу татмын ойжуулалт хийгээд гурав дахь жилтэйгээ золгож
амжилттай хадлан авчээ. Өнгөрсөн жил гэхэд голын эрэг орчмоос 4-5 портер
автомашин өвс хадаж,
малчдадаа хямдралтай үнээр олгосон байна. Түүнчлэн ойжуулалтын талбайг нэмэгдүүлж, 80
га болгосон тул цаашид илүү их хэмжээний хадлан авч, зудтай өвлийг эрсдэл
багатай даван туулах боломж бүрджээ.
Төслийн хүрээнд Завханы Алдархаан, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Их-Уул, Сантмаргаз, Цэцэн-Уул, Түдэвтэй сумын нийт 13 булгийн эхийг хашиж хамгаалжээ.
Булгийн эхийг
хашиж хамгаалахдаа газар ухаж хөндөхгүй, урт хугацаанд ашиглах боломжтой
зэвэрдэггүй ган төмөр ашигладаг байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй
малчдын дасан зохицох чадамжид тодорхой нөлөө үзүүлэхүйц, цаашлаад ширгэж
буй булгийн эхэд зөөвөрлөн ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай, үр дүнтэй
ажил болсныг нутгийн иргэд ярьж байна.
Татмын ойжуулалт нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн зорилтыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг ч сумын удирдлагууд хэлэв.
Завхан аймгийн
хэмжээнд 2022-2024 онд арван сумын 259 га талбайд татмын ойжуулалт хийсэн
бол энэ жил 150 га-д хийхээр төлөвлөсөн байна. Мөн энэ онд Завхан аймгийн
хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд бэлчээрийн менежментийг 102 га-д
хийх, өвс тэжээлийн хоёр агуулах барих, таван булаг хашиж, хамгаалах, хөв
цөөрөм гурвыг байгуулахаар тусгасан байна гэж Адапт төслийн орон нутгийн зохицуулагч Ц.Энхтуяа мэдээлэв.
Ташрамд, уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртсөн голын эх бүхий талбай, урсац бүрдэх сав газрын унаган төрх, эко системийг хамгаалж, тэнцвэржүүлэх зорилгоор татмын ойжуулалтыг хийдэг байна.