Хоёр улсын брокерын компаниудын дэд бүтцийн холболтыг бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц АНУ-ын OTC Markets Group болон Канадын хөрөнгийн бирж (CSE)-ийн удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр OTC Markets Group-ийн платформоор дамжуулан
хоёрдогч зах зээлийн арилжаа (cross-trading) хийх боломж, шаардлагын талаар
хэлэлцэж, цаашид хоёр улсын брокерын компаниудын дэд бүтцийн холболтыг бий
болгох чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.
СЗХ
өнгөрсөн оноос эхлэн OTC Markets Group-тэй хамтран ажиллаж, Монголын хөрөнгийн
биржийг тус байгууллагын ‘Хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн бирж’ (Qualified
Foreign Exchange) статустай болгох шаардлагыг хангах арга хэмжээ авснаар дээрх статусыг олгуулах боломж
бүрдсэн нь Монголын компаниудад хөрөнгө татах хялбаршуулсан нөхцөл бүрдүүлсэн
чухал алхам болсныг уулзалтаар онцлов.
Мөн талууд хамтран манай улсын компаниуд, хөрөнгийн зах зээлийн оролцогчдод зориулсан вебинарыг өнгөрсөн жил
амжилттай зохион байгуулсан билээ.
Түүнчлэн, Монголын компаниуд Канадын Хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө татах нөхцөл, боломжийн талаар санал солилцсон байна. Мөн СЗХ-ноос Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, олон улсын зах зээлтэй холбох бодлого, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах талаар танилцуулжээ. Энэ уулзалт нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын компаниудад хөрөнгө босгох шинэ гарц бий болгоход хувь нэмэр оруулах чухал алхам болжээ.