«Монгол бахархлын өдөр»-ийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-01 15:27:39

Монголын бахархал өдрийг Баян-Өлгий аймгийнхан ёс төгөлдөр тэмдэглэв.

Тусгаар тогтносон улс үндэстнийхээ түүх, их эзэн Чингис хааны түүх намтар, алдар гавъяаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, яриа таниулгаар өргөн сурталчлан, соёл, боловсрол, биеийн тамир, спортын байгууллагуудад төрөл бүрийн уралдаан тэмцээн, аялал, зугаалга зохион байгуулав.

Баярын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын дарга Д.Бауржан нар аймгийнхаа нийт иргэдэд хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд Чингис хааны дэлхий нийтийн соён иргэншилд оруулсан хувь нэмэр, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улсын түүхэн гавъяа, манай эх орны өргөн уудам газар нутгийн цаглашгүй их баялаг, ард түмний баатарлаг хөдөлмөрч чанарыг дэлгэрэнгүй дурдаад, «Монголын үе үеийн төр засгийн мэргэн бодлого, ард түмний ивээл хайраар эх орны баруун нутагт амьдран сууж байгаа олон үндэстэн ястны төлөөлөгчид бид Монголынхоо бүлд багтан дэлхийд ховор ан амьтан, цэвэр агаар, цэнгэг ус бүхий онгон байгаль, эртний түүх соёлын дурсгал, газрын дээр доор байгаа асар их үнэт зүйлс бүхий баян нутагтаа амгалан тайван аж төрж байгаадаа бахархдаг. Нийгэм эдийн засагт байгаа өнөөгийн түр зуурын бэрхшээлийг бид бүх нийтээрээ гар сэтгэл нийлж байж зоригтой даван туулж сайн сайхан амьдрах болно. Монголын үрс олон болтугай!» гэсэн байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ