Г.Ариунбаатар: Зүүдлээгүй байгаадаа хэмээн өөрийгөө чимхэх үе ч гарч байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-31 15:40:42

Эгэл борог амьдралтай малчны гэрт төрж өссөн хүү дэлхийн сонгодог урлагийн амжилт тогтооно гэдэг бахархал. Энэ бахархлыг дуурийн дуулаач Г.Ариунбаатар монголчууддаа төрүүлсэн.

Тэрээр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн болох энэ билэгт сайн өдөр Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан жилдээ нэг иргэнд олгодог Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон одонг хүртлээ.

Түүний ажил, амьдралын түүхийг товчхон хүргэе.

Г.Ариунбаатар Баян-Өнжүүлийн хүн

- Төв аймгийн Баян-Өнжүүлээс эхтэй, 28 нас хүрч яваа энэ эрхэм 10 хүүхэдтэй айлын хүү. Г.Ариунбаатар Баян-Өнжүүл суманд 1988 онд төржээ. Тэрээр Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд дүүргэсэн.

 Мариинский театрын дуурийн дуулаач

-Дуучин Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

 

 Бөмбөрцгийн дуурийн дуулаачдын "Олимпийн аварга"

- М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр

- Шилдэг баритон дуучны шагнал; Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр

- Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал,П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналыг тус тус хүртсэн.

Г.Ариунбаатарын тухай хэлсэн онцлох үгс:

            Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

- Г.Ариунбаатар өөрийн амжилтаа Монгол ахуй, гэр орон, монголоороо бахархан, “тэд надад хүчирхэг хоолой” заяасан гэж  даруухнаар сурвалжлагачид өгүүлсэн байдаг.

- Г.Ариунбаатарын хувьд алдрын зам дардан байгаагүй. Тэрээр үнэн амьдралын дунд үнэнээр явсан. Хөдөө нутагт малчин хүний амьдрал үүр хаяарахаас үдшийн бүрий хүртэл борви бохисхийдэггүй эгэл амьдралын хэвшил нь Г..Ариунбаатарын амжилт гаргах суурь хүмүүжил болсон. 

- Түүний амжилт Монголын амжилт. Сургалтын төлбөрөө олох гэж  жолооч болж, таксинд явсан, бараа зарсан, хүнээс компьютер хөлслөн, дэлхийн алдартнуудыг даган дуулж, багшдаа үзүүлж, олон улсын дуурийн дуу дуулаачдад дуугаа илгээсэн  гээд тэрбээр өөрийн орон зайг олохын төлөө зүтгэсэн. Тиймээ энэ бүгд зүтгэлийн цаана амжилт бүхэн угтан ирж ийнхүү Монголын дуучин дэлхийн бахархал болжээ.

- Сонгодог урлагийн оройд хэмжээ үгүй гэж ярилцдаг. Г.Ариунбаатарын хувьд ойртох тусам өндөрсөөд байдаг. Дэлхийд чимэг болсон хүн явъя гэвэл Монголдоо, хамт олондоо, гэртээ нэр хүндтэй яв хэмээн хэлдэг.

Төрийн соёрхолт  Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:

- Миний олон аялгууг Г.Ариунбаатар  эгшиглүүлсэн. Тэр дууг хүний зүрхний дээд цэгт хүртэл тултал нь дуулж чаддаг гайхамшигтай дуучин.

- “Арвайн тал”-ыг барагтай хүн дуулдаггүй. Олон нугалаастай энэ дууг Г.Ариунбаатар маш сайн дуулсан. 

 Г.Ариунбаатарын хэлсэн үгийн ишлэлээс:

-   Хөндий тал хүүшилсэн, мал сүрэг багширсан, дэлхийд хосгүй монгол уртын дууны Баянбараатын аялгууг үеэс үед өвлөн дуулсан өвгөдийн сайхан нутагт би төрсөн. Энэ нутгийн эзэн ард, их хөх тэнгэр, уул ус намайг дуучин болох заяаг минь тэтгэсэн.

- Дуучин болох хүслийн минь галыг бадрааж, дөлийг өрдөж дуулахуйн их эрдэмд шамдуулан, дэлхийн их урлагийн амтыг нь мэдрүүлж, дөрөөнд сүү минь дусаасан сайн сургууль, сайхан багш нар, ачлалт хүмүүстэй учирсан.

- Миний сонгож эзэмшсэн дуурийн дуулаачийн мэргэжил бол хүн төрөлхтөний оюуны чадамжийг хөгжмийн эгшигт цогцлоосон аль ч үндэстэн ялгаагүй ухаан чадал, хүч авьяасаа сорьдог дээд эрэмбийн урлагт өрсөлдөх боломжийг олгодогоороо гайхамшигтай.

-  Уралдаан тэмцээн, дуурь, концертын тайзанд дуулахаар гарах тэрхэн агшинд тулаанд орж байгаа цэргийн адил – “Би монгол хүн, би Монголын дуучин” гэж өөртөө хэлэхэд нутгийн минь хөх тэнгэр цэлсхийж, хөхөмдөг уулс нь налсхийхийг мэдэрдэг. Би ингэж хүч авдаг.

-   Хүний газар, тайзнаа дуулахаар гарахдаа “Монгол дуучин хаанахын хэнээс ч дутах ёсгүй” гэж, харин өөрийнхөө нутагт “Намайг сонссон бүхнийг баярлуулах юм” гэж зоригжуулж бэлтгэдэг.

-  Эзэн бид л хичээж чадвал энэхэн замбуулингийн хамгийн сайхан орон, хамгийн хүчтэй гүрэн хэвээрээ байна гэдэгт би итгэдэг. Энэ сайхан орныг минь эцэг өвгөд, Их эзэн Чингис хаан бидэнд хувь болгон үлдээсэн. Чингис хаан маань бидний сүр хүч, сүлд хийморь болон авч явдаг.

-  Аугаа их Чингис хааныхаа мэндэлсэн өдөр түүний алдрыг дуурсгасан төрийн дээд, тэргүүн зэргийн одонг хүртэж байгаагаа төр түмний цаглашгүй их ивээл хайр надад хүлээлгэж байгаа дуусашгүй өндөр итгэл найдвар гэж үргэлжид сүслэн дээдэлж явах болно.

-   Зүүдлээгүй байгаадаа хэмээн өөрийгөө чимхэх үе ч гарч байлаа. Одоо л чи дуулахгүй бол хэзээ ч дуулахгүй хэмээн өөрийгөө эрлэдэг. Өнөөдөр Монгол түмэн зөөлөн хүчээр буюу урлаг, спортоор дэлхийг эзлэх цаг ирсэн.

-   Сонгодог дуулаачийн урлагт монгол хүний авьяас чадварыг өндөрт өргөж миний ард түмэн, алдар суут хөгжмийн зохиолчдын туурвин бүтээсэн дууны далай их сан хөмрөгөөс дэлхийн хүн зоны сонорт хүргэж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө алд биеэ бүрэн зориулах болно.

-  Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ардын мэргэн үг бий. Монгол хүн бүр, үеийн маань залуучууд хэн ч бай, ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран эвтэй найртай, хүсэл тэмүүлэлтэй, үнэн шударга, эрхэм зорилготой хичээн зүтгэж чадвал Эх орны минь алдар суу дэлхий дахинаа түгэн цуурайтаж, бусдын хүндэтгэлийг олж, дэвжин хөгжих дүүрэн боломж байгаад би эргэлзэхгүй байна.

-   Их эзэн Чингис хааны минь сүлд Та биднийг өргөн тэтгэж монгол хүний хийморь золбоо дээшээ байж, эх орон минь өнө мөнхөд орших болтугай.

Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ