Пак Гын Хэг дэмжигчдийн түвшин эрс буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-31 11:59:16

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг дэмжигчдийн түвшин 14 хувь болж буурсныг хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүн харууллаа.

Олон нийтийн дунд санал асуулга явуулдаг “Gallup Korea” байгууллагын  мэдэгдсэнээр, 2013 оны хоёрдугаар сард Пак Гын Хэ ерөнхийлөгч болох үед түүнийг дэмжигчдийн түвшин 42 хувьтай байжээ.

Өмнөд Солонгосын түүхэнд ардчилсан сонгуулиар сонгогдсон аль ч ерөнхийлөгчийг дэмжигчдийн түвшин ийм доод түвшинд хүрч буурч байгаагүй ажээ.

Түүнийг дэмжигчдийн түвшин ерөнхийлөгч болсон эхний жилийн сүүлийн хагаст 60 хувь болж нэмэгдэж байжээ. Харин 2014 оны дөрөвдүгээр сард “Sewol” гатлага онгоц живсний улмаас ахлах сургуулийн сурагчид голдуу 300 орчим хүн амиа алдсаны дараа түүнийг дэмжигчдийн түвшин 50 хувиас доош болж буурсан байна.  Энэ ослын дараа шуурхай арга хэмжээ аваагүй гэж Пак Гын Хэгийн засаг захиргааг олон нийт эрс шүүмжилж байсан юм.

Харин хамгийн сүүлд, хуучны найз Чой Сүн-силд өөрийн хэлэх үгнүүдийн ноорог болон засгийн газрын баримт бичгүүдийг үзүүлсэн гэсэн мэдээлэл тархсантай холбоотойгоор  түүнийг дэмжигчдийн түвшин эрс буурсан байна. Тэрбээр энэ үйлдлийнхээ төлөө ард түмнээсээ уучлалт гуйсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ