4 эхнэр, 23 хүүхэдтэй дүрвэгчид 360 мянган еврогийн тэтгэмж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-28 15:44:14

БЕРЛИН. /Sputnik/. Дөрвөн эхнэртэй, 23 хүүхэдтэй Сирийн нэгэн дүрвэгч Германы Засгийн газраас нэг жилийн хугацаанд 360 мянган еврогийн тэтгэмж авчээ.

Газиа А гэдэг энэ эр 2015 онд өөрийн өнөр бүлийн хамтаар Европын Холбоонд иржээ. Тэр үеэс хойш тэрбээр Германы засгийн газраас нийтдээ 360 мянга гаруй еврогийн тусламж авсан байна. Харин олон эхнэртэй сири залууд ийм их хэмжээний тэтгэмж олгосон явдлыг германчууд эсэргүүцэн бухимдаж байна.

2015 онд Хойд Африк болон Ойрхи Дорнодын улсуудад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн болон ядуурлын улмаас 1.1 сая гаруй хүн Германд дүрвэн очжээ. Газиа болон түүний гэр бүлийнхэн бол тэдний нэг хэсэг юм.

Германд олон эхнэртэй байхыг хориглодог учир энэ залуугаас эхнэрүүдээсээ аль нэгийг нь сонгохыг албаны хүмүүс хүсээд, нөгөө гурвыг нь зүгээр л түүний “найзууд” гэж бүртгэсэн гэнэ. Дөрвөн эхнэр нь өөр өөр газарт амьдардаг бөгөөд Газиа тэдэн дээр ээлжлэн очдог гэнэ. Эх сурвалжуудын ярьснаар, энэ залуу Германд очсоноосоо хойш нэг ч өдөр ажил хийгээгүй аж.

Газиа “манай шашны ёс уламжлалын дагуу би эхнэрүүдийнхээ аль нэгийг нь илүүд үзэж болохгүй. Бүгдтэй нь адил тэгш харьцах ёстой” гээд “ажил олдвол хийнэ” гэжээ.

2011 онд Сирид иргэний дайн эхлэхээс өмнө энэ залуу хэд хэдэн гаражтай, автомашин түрээслүүлэн амьдарч байжээ. Лалын шашны дэг ёсоор хэрвээ эрэгтэй хүн санхүүгийн хувьд боломжтой бол дөрөв хүртэлх тооны эхнэр авч болдог гэнэ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ