ХОВД: Монгол цэргийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд аймгийн заан Б.Одгэрэл түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан боллоо.
Барилдааныг энэ сарын 17-нд Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Захирагчийн сургалт, бэлтгэл хариуцсан орлогч, аймгийн заан Дэрмээгийн Уламбаярын нэрэмжит болгон зохион байгуулахад 64 бөх оролцов.
Энэ удаагийн барилдаанд Дуут сумын харьяат, аймгийн заан Б.Одгэрэл түрүүлж, Буянт сумын харьяат, аймгийн арслан Н.Батсайхан үзүүрлэлээ.
Харин их шөвөгт Чандмань сумын харьяат, аймгийн заан Б.Базарсад, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Л.Ням-Очир нар шалгарчээ.
Орон нутагт үндэсний бөхийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт ажил өрнөж байна. Бөхийн спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо жил бүр нэмэгдэж байгаа тул бөхийн дугуйлан тогтмол хичээллүүлж буй.
Ташрамд, Бөхийн холбооноос 2024 онд Ховд аймагт 20 орчим барилдаан зохион байгуулжээ.