Ховд аймгийн сумд газрын “Лэнд менежер ”программ нэвтрүүллээ

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-10-27 09:29:23

Ховд аймгийн 17 суманд Газрын “Лэнд менежер” цахим программыг нэвтрүүлэхээр  компьютер, тоног төхөөрөмжийн хамт сумдын газрын даамлуудад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хүлээлгэн өглөө.

“Лэнд менежер” программыг ашигласнаар иргэд газартай холбоотой лавлагааг цахимаар авахаас гадна өөрийнх нь гаргасан хүсэлт хаана хэн гэдэг мэргэжилтэн дээр байгааг харах боломж бүрдэж, газрын мэдээллийн нэгдсэн сан бий болж шат дараалсан үйл ажиллагаа, цаг, цаас хэмнэгдэж байгаагаараа давуу талтай юм.

Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газраас газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх төслийг 2013-2016 оны хооронд хэрэгжүүлж, 21 аймгийн төвүүдийг бүрэн хамруулаад байгаа юм. Улсын хэмжээнд Ховд аймаг бүх сумдаа “Лэнд Менежер” цахим программд хамруулсан 5 дахь аймаг болж байна.

Улсын хэмжээнд хэрэгжиж буй арга хэмжээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ГХБХБГ–ын дарга Э.Дөлбадрал нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ