Орон нутгийн аяллын компаниуд брэнд хөгжүүлэлтэд анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-02-13 10:31:44

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай улсын аялал жуулчлалын салбарынхан нийслэл хотод долоо хоногийн турш чуулж, ирэх онуудын төлөвлөгөө, өнгөрсөн жилүүдийн алдаа, оноогоо хэлэлцэж байна.


“Аялал жуулчлалын долоо хоног 2025” чуулганы өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өчигдөр зургаан сэдвээр сургалт зохион байгуулж, 29 илтгэл сонсон, хэлэлцүүллээ. Сургалтад тур оператор компани, 21 аймгийн аялал жуулчлалын холбоодын төлөөлөл, оюутан залуусын 400 орчим хүн оролцжээ. Аялал жуулчлалын салбар нь цар тахлын нөлөөнд тэг зогсож байсан бол өнөөдөр орлогоо 65 хувиар нэмсэн тухай чуулганы эхэнд онцолсон байдаг. 2024 онд манай улс 800 мянга гаруй жуулчин хүлээн авахдаа 1.6 тэрбум ам.долларын орлогыг улсын эдийн засагт төвлөрүүлжээ. Үүнд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны компаниудын оруулсан хувь нэмэр багагүй их. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд багагүй ачаа үүрэлцдэг орон нутгийн аялал жуулчлалын компаниудын төлөөллийн байр суурийг сонслоо.  


“Дисковер Монголиа” компанийн захирал Б.Барсболд: Аялал жуулчалын компани шинээр байгуулахад эхний гурван жилд татвараас чөлөөлөгдөх боломж бүрдсэн


-Аялал жуулчлал бол Монголын эдийн засгийн тэргүүлэх гурван салбарын нэг. Монголд ирэх жуулчныхаа тоог нэг саяд хүргэхэд ямар түлхэц үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар сургалт, бизнес уулзалт боллоо. Манай улсад тогтвортой хөгжил, аялал жуулчлал чухал байна. Агаарын тээвэр болон боомтоор жуулчид ирж Чингис хааны цогцолбор газрууд Солонгос, Европоос ирдэг жуулчдын 50 орчим хувь нь амьд говийг үзэх гэж зориж ирдэг. Үүнээс гадна Хөвсгөл, Өвөрхангайн Хархорин, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг сонирхох жуулчид жилээс жилд нэмэгдлээ. Гэтэл манай улс бусад оронтой харьцуулахад үнэ өртгийн хувьд харьцангуй өндөрт орж байна. Төр засгаас энэ салбарыг дэмжих зорилгоор 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох, татварын таатай орчныг бүрдүүлэх ажил хийсэн. Өөрөөр хэлбэл, аялал жуулчалын компани шинээр байгуулахад эхний гурван жилд татвараас чөлөөлөгдөх боломж бүрдсэн. 


“Khuvsgul eco tour lodge” компанийн захирал О.Мөнхнасан: Нутгийн дархчуулын гар урлалыг хөгжүүлж, бүтээгдэхүүний төрлөө нэмэх шаардлагатай байна


Нэг үеэ бодоход Хөвсгөл нуурыг тойроод маш олон кэмп байгуулагдсан. Сонголт янз бүр учраас жуулчид судалгааг сайтар хийсний үндсэн дээр боломжийн үнээр үйлчлүүлэх боломжтой. Хөвсгөлийн баазуудын жуулчдыг хүлээн авдаг дундаж ханш 180 мянган төгрөг байдаг. Аймгийн хэмжээнд цөөн тооны сувинер жуулчдад санал болгохоос илүүтэй гар урлалыг хөгжүүлж, бүтээгдэхүүний төрлөө нэмэх, сайжруулах шаардлага тулгарсан. Ингэхдээ авч явахад авсаархан, тухайн газрын онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн байвал зүгээр санагддаг. Ингэж чадвал нутгийн иргэдийн эдийн засагт ч нэмэртэй. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх маш олон боломж Хөвсгөл аймагт байна. Энэ жил таван жуулчны бааз өвлийн улиралд ажиллаж байгаа юм. Дархадын хотгор, Ханх, Ринченлхүмбэ, Улаан-Уул сумыг түшиглэж Жаргантын гол, цаатан ахуй амьдралын үзэх боломжтой болж байна. 


Увс аймгийн аялал, жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр: Аймгийн 100 жилийнхээ ойн хүрээнд жуулчдад зориулан этник фестиваль зохионо


-Манай аймаг энэ жил Аялал жуулчлалын салбарыг дэмжиж ажиллахдаа чанарт анхаарч, аймгийн хэмжээнд орлогыг төвлөрүүлэхэд анхаарахаар төлөвлөж байна. 2025 онд манай аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд гадаад, дотоодын жуулчдыг татах хэд хэдэн эвент зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь этник фестиваль. Нутгийн онцлогийг харуулсан ийм үйл ажиллагаа жуулчдын анхаарлыг татна гэдэгт найдаж байна. Увс аймаг их нууруудын хотгор газар оршдог. Маш олон том, жижиг нууртай. Мэдээж Увсын брэндийг чацарганаар төсөөлөхгүй байхын аргагүй. Түүнчлэн нуурын давсаараа алдартай. Чацарганаар манай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид олон янзын бүтээгдэхүүн хийдэг учраас жуулчдад зориулсан брэнд багц гаргах бүрэн боломжтой. 






Холбоотой мэдээ