Аймгийн ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид өнгөрөгч баасан гарагт үнэмлэхээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрүүллээ.
Хуралдаан 92,6 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдаж ИТХ төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай, 2016 оны төсвийн тодотгол, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай, зарим сумдын хурал, аж ахуй нэгж байгууллагаас хуралд ирүүлсэн саналын тухай болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийг чөлөөлж, тэргүүлэгч сонгох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд МАН-ын төлөөлөгчид оролцоогүйн улмаас энгэрийн тэмдэг үнэмлэхээ гардаж аваагүй байсан төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг үнэмлэхийг гардуулж өглөө. Мөн ИТХ-ын МАН-ын төлөөлөгчид бүлгээ байгуулж даргаараа аймгийн засаг даргын орлогч Ч.Пунцагийг томиллоо.
Мөн ИТХ-ын тэргүүлэгчдээр МАН-аас н.Одгэрэл, Б.Санжсүрэн, Ц.Улам-Оргих нар батлагдсан бол АН-аас Б.Эрдэнэбаатар, Б.Ариунаа, Д.Батбаяр, Н.Ариунсайхан, Б.Жавзмаа, Ц.Балхярваа нар сонгогдлоо.
2016 оны аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар Завхан аймагт АН эрх барих хүчнээр сонгогдож МАН сөрөг хүчний байр суурьтай ажиллаж байгаа. Ийнхүү Иргэдийн хуралд суудалтай улс төрийн гол хүчнүүдэд хамтран зөвшилцөж ажиллах түүхэн шинэ боломж нээгдэж байна. Тиймээс сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан АН, МАН-тай ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө харилцан хяналттай, хамтран ажиллах улс төрийн зөвшилцөөнд хүрлээ.
Б.Мягмарсүрэн