БУЛГАН: Сумын багачууд аймгийн шинэ номын сангаа зорьдог боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бүрэгхангай сумын ЕБС-ийн Б.Цэрэннадмид багштай 2-р ангийн сурагчид аймгийн төвийн Нийтийн номын санд ангиараа ээлжит уншлага хийж, номын тэмдэглэлээ хөтөлж, уншсан номын тухай ярилцлаа.
Бяцхан уншигчид шинэ номын сангийн үйлчилгээний заал танхимуудтай танилцан "Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл" өв соёлын мэдээлэл авлаа.
Бага насны хүүхдийг номтой нөхөрлүүлэх, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд сэтгэл зүтгэл санаачилгатай ажиллаж байгаа Бүрэгхангай сумын ЕБС-ийн Б.Цэрэннадмид багшид анги хамт олноороо аймгийн төвийн Нийтийн номын сангаар аялах боломжийг сургуулийн захиргаа, эцэг эхчүүд дэмжин олгосон байна.
Б.Цэрэннадмид багшийн ангийнхан 7 хоног бүрийн даваа гарагт үндэсний хувцсаа өмсдөг, хамт олноороо шүлэг цээжлэхдээ 4 мөрийг нэг өдөрт гэх мэтээр бүтэн шүлгийг 7-10 хоногт цээжилдэг. Ангиараа маш олон шүлгийг бүрэн эхээр нь мэддэг зэрэг сайн жишээнүүдээ хуралдан хуучилж байна.
Номын санд ирээд Ч.Чимэдийн "Би монгол хүн" шүлгийг бүрэн эхээр нь уншиж мэндчилгээ дэвшүүллээ.
Булган аймгийн Бүрэгхангай сум нь Улаанбаатар хотоос 265 км, Булган аймгийн төвөөс 86 км зайд Дархан хайрхны өвөрт оршдог.