МУГЖ Б.Сарантуяа:30 жилд 21 цомог гаргасандаа бахархаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-24 15:30:36

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “30 жил урлагт” тоглолтоо энэ сарын 29-нд "Корпорэйт" зочид буудалд байрлах “Convention Centre”-ийн тайзнаа толилуулна.

Түүний тоглолтын талаарх хэвлэлийн хуралд УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав, УГЗ, "On&Off" продакшны захирал, найруулагч С.Ононбат, СГЗ, сэтгүүлч Д.Ганчимэг нар оролцов. Эдгээр эрхмүүд нь поп хатагтайтай олон уран бүтээлд хамтарч ажилласан, хамгийн олон удаа ярилцсан гэх тодотголтой хүмүүс юм.

Монгол түмэнтэйгээ их урлагийн тайзнаа 30 жил хамт байж олон уран бүтээлээр бэлэг барьсан тэрбээр 16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлжээ.

Урын сандаа нийт 600 гаруй дуутай бөгөөд ихэнх нь хит болжээ. Мөн Монголд хамгийн анхны цомог гаргасан, хамгийн олон хувь борлогдсон, эмэгтэйчүүдэд зориулсан анхны шоуг 1994 оны 3 дугаар сарын 8-нд зохион байгуулсан юм. Тэрбээр эх орноо таван удаа тойрч, бие даасан тоглолт зохион байгуулсан. Монгол Улсаа сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, дэхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийжээ.

“Зүүдний говь” цомог нь гарсан даруйдаа маш олон хувь борлогдож, дээд амжилт тогтоож байв. Мөн Пентатоник Академийг санаачлан, Монголын рок попын хөгжмийн дээд шагналд олгох Пентатоник наадмын суурийг тавилцсан юм.

Түүний 30 жил “тайзнаа” амьдарсан энэхүү тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Харанга, Хөх тэнгэр, Хурд, Никитон, Титэм, Камертон, Хар сарнай, Нисванис, Sweetymotion, Fire, Lemons хамтлаг болон дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Отгоо, Э.Агиймаа нарын уран бүтээлч оролцон ая дуугаа өргөнө.

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-Таны хувьд урлагт зүтгэсэн 30 жил хэр хурдан өнгөрөв?

-Нэг мэдэхэд 30 жил өнгөрчээ. Эхний 10 жилийн хувьд 16-хан настай дуулж эхэлсэн дуучны хувьд мэдэгдэхгүй өнгөрсөн. Харин 20 жилийн ойгоор миний охин Хулан төрөөд амьдралын өөр мөчлөг тохион тоглолт хийх бодолгүй байсан. Тэр үед рок попын ертөнцөд дахин байр сууриа олох гэж байхад Балхаа ах “Тэр намайг дурсдаг болов уу” дуу зохиож өгсөн. Дуучин хүнд шинэ дуу гарч ирэхэд даль жигүүр ургадаг. Харин 30 жилийн ойдоо өнгөрсөн оноос хойш бэлтгэж байгаад тоглолтоо хийх гэж байна. Ингээд эргээд харахад нэг мэдэхэд 30 жил өнгөрчихжээ. Сүүлийн 10 жил маш хүнд жилүүд байлаа. Яагаад вэ гэхээр тайзан дээр удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж тогтоно гэдэг маш хэцүү. Миний хувьд хүмүүс надаас байнга шинийг хүсч хүлээж байдаг хүсэмжит дуучин байхыг хүсдэг. Эргээд харахад 30 жилд 21 цомог гаргасандаа бахархалтай байна. Дайнд гавьяа байгуулаад ирсэн цэрэг одон медалиудаа энгэртээ шажигнуулдаг бол би цомгуудаа шажигнуулж, өөрөөрөө бахархмаар байна.

-Урлагт 30 жил зүтгэлээ. Уран бүтээлийн тань хэдэн хувь нь таны амьдралтай холбоотой бүтээл байдаг вэ?

-Миний хувьд хөгжмийн зохиолчдоос амьдралынхаа тухай дуу зохиогоод өгөөч гэдэггүй. Харин хөгжмийн зохиолч, яруу найрагчдынхаа зохиосон дууг дуучныхаа хувьд амьдруулсан. Мөн өөрийнхөө амьдралын тухай “Хонгор найз” дууны шүлгийг бичсэн. Энэ бол миний амьдралтай холбоотой.

-Энэ тоглолтоос олсон орлогоо хэрхэн зарцуулах вэ?

-Эхлээд биеэ засаад гэрээ зас, дараа нь төрөө зас гэдэг шиг би эхэлж өөрийн уран бүтээл, амьдралаа өөд нь татаад дараа нь хүнд туслахыг хичээж байна. Хамгийн эхний алхам бол МУГЖ дуучин Ж.Уранчимэг эгчийн уран бүтээлд хувиасаа 2 сая төгрөг өргөсөн. Саяхан Чойжин ламын сүм музейд сая төгрөг хандивлахаа амалсан. 2016 оны 10 дугаар сард  Чехийн Братислав хотноо болсон Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээний үеэр тоглолт хийсэн. Түүнээс цугласан 8-9 сая төгрөгийг Хөх толбот нийгэмлэгээр дамжуулан "Ээж хүүхдийн төв"-д хэрэгцээтэй аппарат хэрэгсэл зэрэг зүйлийг авч өгсөн. Шведэд тоглосон “Сэхүүн салхи” тоглолтын орлогын 30 хувийг Дэлхийн найрал дууны нийгэмлэгт хандивласан. Мөн 2000 оноос зуданд нэрвэгдсэн малчдад туслах “Халуун сэтгэл”, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” зэрэг аянд оролцож байна. Харин энэ тоглолтоос ашиг гарвал “Хүүхдийн найрал дууны студи” нээнэ гэж бодож байна.

-Таны дараагийн 30 жилийн уран бүтээлийн төлөвлөгөөг тань сонирхвол?

-Дараагийн 30 жил гэдэг маш их эрэл хайгуул, тэмцэл, ухаарал, нигүүлсэл байх болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ