БУЛГАН: Хуванцар сав дахин боловсруулж хэрэглээнд нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны нэгдүгэр сарын 22 /МОНЦАМЭ/. Европын холбооны санхүүжилттэй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслөөс Булган аймгийн Булган суманд хуванцар хайлуулагч төхөөрөмж, холбогдох хэрэгслийг нийлүүллээ.
2024 оны 12 дугаар сарын 26-нд тус төхөөрөмжийг төслийн багийн гишүүн Н.Эрдэнэсайхан сумын хог хаягдал боловсруулах нэгжид хүлээлгэн өгсөн бөгөөд төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж, анхны туршилтаар 10 см диаметртэй, 2 метрийн урт хашааны шонг үйлдвэрлэн гаргаад байна.
Хуванцар хайлуулагч төхөөрөмж нь бүрэн хүчин чадлаараа 8 цагт 40-60 ширхэг, сард 1200-1800 ширхэг шон үйлдвэрлэх боломжтой.
Ийнхүү аймгийн бүх сумаас цугларсан хуванцар хаягдлыг дахин боловсруулах хүчин чадал нэмэгдэж, цаашлаад бүтээгдэхүүнээрээ хангайн бүсийн хэрэгцээг хангах боломж бүрдэж байгаа юм.
Энэ үеэр сумын Засаг дарга Д.Бямбажаргал болон орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс Европын холбоо болон SPRIM төслийн багийнхантай уулзаж, сумын түвшинд хог хаягдлаа боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгч буйд талархал илэрхийлсэн байна.
Ийнхүү хуванцар хог хаягдал ашиглан хэрэглээний багана шон хийх нь ой модоо хайрлан хамгаалах, байгаль экологийг тэнцвэржүүлэх сайн жишиг болж байна.