БАЯНХОНГОР: Боловсролын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-22 10:29:30

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Соого сейко, Эрдэм сургууль, Жаргалант сумын ЕБС-ийн хичээлийн байр, Политехникийн коллежийн дотуур байрыг тус тус шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүллээ. Тус ажлыг 35.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэнэ.


2024 онд Баянхонгор аймгийн Соого сейко сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байр, Политехникийн коллежийн 150 оюутны дотуур байрны ажил эхлээд буй. Тэгвэл Эрдэм сургуулийн 240 хүүхдийн, Жаргалант сумын 240 хүүхдийн хичээлийн шинэ байрны барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан ААН-үүд гэрээгээ байгуулаад байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр улирлаас ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ.


Дээрх гурван сургуулийн барилга, Политехникийн коллежийн дотуур байр 2026 онд ашиглалтад орсноор нийт 1130 сурагч стандартын шаардлага хангасан нөхцөлд эрүүл, тав тухтай орчинд сурч мэдэх эрхээ эдэлж, 150 оюутан эрүүл аюулгүй, тохьтой амьдрах орчин бүрдэх юм.


Баянхонгор аймаг 88499 хүн амтай, 27101 өрхтэй. Нийт хүн амын 60 гаруй хувийг хүүхэд, залуус эзэлж байна.

Холбоотой мэдээ