Б.Дилан Нобелийн шагналаас татгалзав уу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-10-22 11:38:49

ВАШИНГТОН. /NHК/. Энэ оны Нобелийн утга зохиолын шагналын эзнээр тодорсон тухай Нобелийн хорооны мэдэгдлийг Америкийн дуучин, ая зохиогч Боб Дилан өөрийн албан ёсны цахим хуудаснаасаа устгажээ.

Уг мэдэгдэл түүний цахим хуудасны хамгийн эхний нүүрэнд байсан боловч баасан гарагт байхгүй болжээ.

Чухам ямар учраас уг мэдэгдлийг утсгасан нь тодорхойгүй байна. Гэхдээ Шведийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, үүнийг Б.Диланы зааварчилгаагаар устгасан бололтой.

Нобелийн сонгон шалгаруулалтын хороо түүнтэй холбогдох гэж олон удаа оролдсон боловч шагналын эзнээр тодорсныг зарласнаас хойших хугацаанд түүнээс ямар ч сураг чимээ алга байна гэж тус хорооны албаны хүмүүс хэлэв.

Б.Дилан 12 дугаар сард Шведийн Стокгольм хотноо болох шагнал гардуулах ёслолд оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

10 дугаар сарын 13-нд Нобелийн утга зохиолын шагналын эзнээр тодорсныг нь зарласны дараахан нэгэн тоглолтонд оролцох үеэрээ Б.Дилан шагналын тухайд юу ч яриагүй гэсэн мэдээлэл байна.

Б.Дилан Нобелийн шагнал авахаас татгалзаж байж магадгүй гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ