ЗАВХАН: Өсвөрийн цанын аварга шалгаруулах тэмцээн Баянтэс суманд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянтэс суманд ирэх сарын 7, 8-ний өдрүүдэд өсвөрийн цаначдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Цанын өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Завханы хойд бүсийн Баянтэс, Тэс, Нөмрөг, Асгат, Түдэвтэй, Баянхайрхан, Сонгино сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-14 насны охид, хөвгүүд өрсөлдөх юм.
Охид, хөвгүүд хоёр насны ангиллаар өрсөлдөх бөгөөд тэмцээний шилдгүүдийг
зай тус бүрд эхний гурван байрыг шалгаруулна.
Тэмцээнд өнөөдрийн байдлаар 40 орчим хүүхэд бүртгүүлээд байна. Манай өсвөрийн цаначид зай, насны төрлөөр тэсвэр, тэвчээрийн хат зааж, тэсгим хүйтний өдрүүдэд авьяас билиг, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралддаг. Жил бүр хүүхдүүдийн ур чадвар нэмэгдсэн харагддаг юм.
Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн сурагчид өсвөрийн цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Мөн тэмцээний үеэр хүүхдүүдийг хол замд тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй хэмээн аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлэв.
Цанын спортын амжилтын тоогоор Завханы хүүхдүүд тэргүүлдэг
Эр зориг, тэсвэр
тэвчээр, хатуужлын спорт гэгддэг цанын спорт бол Завхан аймгийн брэнд спорт юм.
Тоо баримт өгүүлбэл, 1993-2013 он хүртэл Баянтэс сумын биеийн тамирын багшаар ажиллаж байсан Ч.Дашхүүгийн бэлтгэсэн шавь нар өсвөрийн УАШТ-ээс нийт 216 медаль хүртсэн байна.
Үүнээс алтан медаль буюу улсын аваргаас 58, мөнгөн
медаль 82, хүрэл медаль 76-г хүртжээ. УАШТ-ээс Баянтэс сумын тамирчид 672
медалийг хүртсэнээс улсын аварга 175, мөнгөн медаль 282, хүрэл медаль 215-ыг тус
тус хүртсэн гайхам амжилтыг үзүүлсэн ажээ.
Энд зөвхөн нэг сумыг онцлон дурдахад ийм байна. Харин улсын аварга шалгаруулах тэмцээнээс Завхан аймгийн тамирчдын авсан медалийн тоо, зай төрлийн хэмжээг нэгтгэсэн тоо байхгүй бөгөөд энэ нь Завханыхан тоолж үл барах олон медаль хүртсэнийг нотолж буй хэрэг гэж хэлж болно. Жил бүрийн цанын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй болдог. Учир нь Завханы хойд бүсийн сумдад гол төлөв зохиодог цанын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд хөрш зэргэлдээ Увс, Хөвсгөл аймгийн зарим сумын хүүхдүүд ирж оролцдог уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд мөн ирж оролцох байх хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид нэмж дуулгав.
Завхан
аймгийн Тэс сум дахь Хилийн цэргийн 0277-р ангийн хилчид Булган аймгийн Тэшиг суманд саяхан зохион байгуулсан "Анхдагчдын
цом-2025" цанын улсын
аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүн байр эзэлжээ.
“Анхдагчдын
цом-2025” улсын аварга шалгаруулах тэмцээнд Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ,
Хэнтий аймгаас тамирчид оролцсон байна.