ЗАВХАН: Зудын эрсдэл их байгаа сумдад цас нэмж орох төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-16 17:35:41

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 6 суманд зудын эрсдэл их гарчээ. 


Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баянтэс, Тэс, Отгон, Их-Уул, Тосонцэнгэл, Цагаанчулуут сум зудын эрсдэл их, 10 сум дунд, 8 сум бага эрсдэлтэй үнэлэгдсэн.


Эрсдэл их үнэлэгдсэн сумдад өвөлжилт хүндхэн болж магадгүй. "Өнөөдрийн байдлаар малын хорогдол гараагүй, зам даваа хаагдах нөхцөл үүсээгүй байна" гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.


Зудын эрсдэл их байгаа Отгон, Тэс Цэцэн-Уул суманд цочир хүйтэрч, шөнөдөө -45 хэмд хүрсэн байна. Отгон сумын Буянт, Баянбулаг багт цас ихтэй тэгш талдаа 20-30 см, хунгарласан газартаа 30-37 см, гуу жалгаар 40-70 см тогтжээ. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр цаашид цас нэмж орох төдийгүй, цочир хүйтрэх, зарим газраар цасан шуургатай байх төлөвтэй байна.


Тиймээс зудын эрсдэл их байгаа сумын удирдлагууд, малчид, эдгээр бүс нутагт тээвэр хийж байгаа болон отроор өвөлжиж байгаа малчид цаг агаарын мэдээг тогтмол авч, цасанд суух, боогдох, зарим газар халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг санууллаа. Мөн малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулсан юм. 


Ташрамд, Завхан аймгийн 16,3 мянган толгой мал аймаг дотроо оторлож байна. Багахайрханы отрын бүс нутагт 44 өрхийн 27,3 мянган толгой мал, хилийн зурвас газарт 81 өрхийн 43 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа. Аймаг дотроо өөр газарт оторлож байгаа малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлж байна. 


Аймгийн Онцгой байдлын газраас 24 сумын нутагт зудын эрсдэлийн үнэлгээг хийжээ

Холбоотой мэдээ