ДАРХАН-УУЛ: Гадаадын хөрөнгө оруулалттай долоон компани ашиглалтын лиценз эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-16 15:32:57

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газраас ашигт малтмалын олборлолт болон хайгуулын компанийн мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар ашиглалтын болон хайгуулын 69 тусгай зөвшөөрөл олгосноос түгээмэл тархацтай ашигт малтмалыын 33, алтны шороон ордын 36 зөвшөөрөл байна. 


Үүнээс  гадаадын хөрөнгө оруулалтай 7 компани 1470.97 га талбайд ашигт малтмалын лиценз эзэмшиж байнаГадаадын хөрөнгө оруулалттай 7 лицензээс 4-ийг нь Умард Ирландын нэгдсэн вант улсын нэг эзэмшигчтэй гурван компани, БНХАУ-ын хоёр компани, Украйны хөрөнгө оруулалтай нэг компани тус тус эзэмшиж байна гэж аймгийн БОГ-ын дарга Г.Батбаяр мэдэгдлээ.


Зөвшөөрөлтэй хэдий ч үйл ажиллагааны тухайд өнгөрсөн жил нэг компани ажиллаж, бусад нь зогсонги байдалтай байна гэв. Хамгийн том талбайг нэг эзэмшигчтэй гурван компанийн дөрвөн зөвшөөрөл эзэлдэг бөгөөд нийтдээ 1085.16 га талбайг хамарч байна.


Ашиглалтын болон хайгуулын зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох хуулийн хүрээнд олгодог ба сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын зориулалттай тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох эсэхэд санал ирүүлж, хүсэлт илгээх тухай бүрд нь аймгийн ИТХ, Засаг даргаас "ашигт малтмалын газар ашиглуулах боломжгүй" тухай шийдвэр гаргаж, татгалзсан хариу өгчээ.


Дээрх лицензүүдийг 2005-2019 онд Хонгор, Шарын гол сумын нутаг дэвсгэрт олгосон ба үүнээс хойш гадаадын эзэмшигчтэй ААНБ-д ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл олгоогүй болохыг энэ үеэр онцоллоо. 


 

Холбоотой мэдээ