ДУНДГОВЬ: 29,9 тэрбум төгрөгийн 61 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-16 10:37:47
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит III хуралдаанаар 2025 оны хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажил, худалдан авах бараа үйлчилгээний төсвийг баталсан.


Энэхүү шийдвэрийн дагуу аймгийн ЗДТГ-аас энэ жил орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсөв, замын сан, байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар 29,9 тэрбум төгрөгийн 61 төсөл, худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.  


Тодруулбал, ОНХС-гийн 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайнцагаан суманд дулаан дамжуулах шугамын ажил, орон сууцны 3 байрны гадна засвар, Дэлгэрхангай сумын сургуулийн барилгын засвар, Нэгдсэн эмнэлгийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх ба нийт 697,3 сая төгрөгийн бараа, 760 сая төгрөгийн үйлчилгээг худалдан авахаар төлөвлөжээ.


Харин орон нутгийн төсвийн 19,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 ажил, 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бараа, техник тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөсний дотор 8,6 тэрбум төгрөгөөр хог хаягдал шатааж, дулаан эрчим хүч боловсруулах үйлдвэр байгуулах, 128,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус үйлдвэрт дэд бүтэц татах ажлыг гүйцэтгэхээр болсон байна.


Түүнчлэн байгаль хамгаалах сангийн 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн усны эх үүсвэрийг интернэтэд холбох, 182,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн ундны эх үүсвэрийг хамгаалах, 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ундны усны худагт ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах бол замын сангийн 787,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн зам засвар арчилгааг хийхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ