Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эвсэл байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-09 11:58:23

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртсөн улс орнуудын нэгдэл болох “V20” хэмээх эвсэл байгуулж буйгаа дэлхийн 20 орны Засгийн газрын төлөөлөгчид пүрэв гарагт мэдэгджээ.

Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, үүнтэй холбогдох шийдвэрийг Перу улсын нийслэл Лима хотод нийтэлсэн байна. Тус хотод энэ долоо хоногт Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны жил тутмын нүүдлийн хурал болж байгаа юм.

Шинэ бүлгийн бүрэлдэхүүнд Афганистан, Бангладеш, Барбадос, Бутан, Вануату, Вьетнам, Зүүн-Тимор, Гана, Кени, Кирибати, Коста-Рика, Мадагаскар, Мальдив, Балба, Руанда, Сент-Люсия, Танзани, Тувалу, Филиппин болон  Этиоп улс оржээ.

“V20” эвслийн гол зорилго нь байгалийн гамшгийн уршгийг арилгахад зарцуулах зардлыг нөхөхөд ашиглаж болох нийтлэг санг төрийн болон  хувийн хөрөнгөөр байгуулах юм. Улс хоорондын шинэ нэгдэл нь Францын нийслэл Парис хотод уур амьсгалын асуудлаарх бага хурал болохоос өмнө хоёр сарын хугацаанд байгуулагджээ. Уг бага хурлын үеэр хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах тухай гэрээг хэлэлцэнэ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ