Завханы шүүх нээлттэй өдрөөр 70 гаруй иргэнээс өргөдөл хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-21 14:55:06

Завханы Шүүх иргэддээ нээлттэй үйлчиллээ. Завхан аймагт шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ сарын 28 нд тохиож байгаа юм. Энэ хүрээнд аймгийн Шүүхийн тамгын газраас иргэд, албан хаагчиддаа хандсан олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Анхны арга хэмжээгээ иргэддээ нээлттэй үйлчлэх өдрөөр эхлүүлжээ.

Энэ өдөр Шүүхийн Тамгын газрын дарга, ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар иргэддээ нээлттэй үйлчилж тэдний сонирхсон асуултад хариулт өгч зарим ажлыг газар дээр нь шийдвэрлэж байв. Түүнчлэн аймгийн Прокурорын байгууллагын албан хаагчид болон өмгөөллийн байгууллагуудын төлөөлөлүүд хамрагдаж шүүхийн тухай багц хуулиуд болон шүүхийн шинчлэлийн үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл хийлээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн бие даасан, ил тод нээлттэй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг энэ үеэр бага ч гэсэн дээшлүүллээ. Энэ өдөрлөгт 210 орчим иргэн оролцож мэдээлэл авсан байна.

Харин 78 иргэний ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч, иргэдэд газар дээр нь хүссэн мэдээ мэдээллийг өгч, иргэдийг гарын авлагаар хангаж, иргэдээс шүүхийн талаарх судалгааг аван иргэдийн дунд "Аха” асуулт хариултын тэмцээнийг амжилттай явууллаа хэмээн Шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ