ГОВЬ-АЛТАЙ: Томуугаар өвчлөгсдийн 73.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас томуу, томуу төст өвчний талаар цаг үеийн мэдээлэл хүргэлээ.
Тодруулбал, 12 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн хэмжээнд амбулаториор 4544 үзлэг хийснээс 666 буюу 14.7 хувь нь томуу, томуу төст өвчин байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад үзлэгийн тоо 132-оор, бүртгэгдсэн өвчлөл 290-ээр, томуу, томуу төст өвчний эзлэх хувь 6,2-оор нэмэгдсэн байна.
Мөн хугацаанд яаралтай тусламжийн 258 дуудлага хүлээн авч үйлчилснээс 109 буюу 42,2 хувь нь томуу, томуу төст өвчлөл байгаа нь өмнөх долоо хоногоос дуудлагын тоо 47-оор, өвчлөл 45-аар, томуу, томуу төст өвчний эзлэх хувь 11.9 хувиар нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт томуу, томуу төст өвчнөөр 775 хүн өвчилснөөс 571 буюу 73.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа ба түүнээс 128 буюу 22.4 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байна. Нэгдсэн эмнэлгийн 28 ортой хүүхдийн тасагт 26 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 16 буюу 68.1 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгааг нэмж мэдээллээ.
Говь-Алтай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт “Улирлын томуу, томуу төст өвчний тархалтын хүндрэлийн үнэлгээ”-ээр гуравдугаар түвшин буюу алаг цоог түвшинд байна.