“Филиппиний арлууд-газрын диваажин” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Бээжин дэх Филиппиний Элчин Сайдын яам болон Монгол дахь Филиппиний Консулын газар хамтран монголчуудад филиппин улсын арлууд руу аялахыг санал болгон, алдартай арлуудынхаа тухай танилцуулах “Филиппиний арлууд-газрын диваажин” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Бүгд Найрамдах Филиппин Улс 300 мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай Зүүн Өмнөд Азид оршдог арлын орон. Номхон далайн баруун хэсэгт байрладаг нийт 7 640 арлаас бүрддэг. Эдгээр аралд жуулчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд элбэг гэдгийг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ А.Флоркруз тодотгов. Мөн тэрбээр Филиппин Улс Монгол Улстай боловсрол, аялал жуулчлал, мэргэжилтэн солилцоог нэмэгдүүлэхэд илүү анхаарч байгаа гэдгийг Элчин сайд онцолж байлаа.
Тэрбээр хэлэхдээ, “Монголчуудыг Филиппин Улсад аялуулах, хүйтний улиралд халуун оронд очиж амраасай хэмээн энэхүү үзэсгэлэнг нээж байна. Филлиппинчүүд 7000 гаруй арал дээр аж төрж амьдардаг, маш найрсаг зочломтой, монголчуудтай адил бүжиг бүжиглэх, зураг авах дуртай, хоолны өндөр соёлтой, халуун дулаан сэтгэлтэй хүмүүс юм. Мөн Филиппин аялахад хамгийн тааламжтай орон юм. Цаашид Монгол Улстай хөрөнгө оруулалт болон худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа. Мөн боловсролын солилцоог идэвхжүүлэхэд хамтран ажиллаж байна. Филиппинд алдартай том том их сургуулиуд байдаг учраас монголын залуу үеийнхэн очиж англи хэл сурах боломжтой. Түүнчлэн Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байна” гэв.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 500 орчим филиппин иргэн амьдарч байна. Харин Филиппин Улсад 200 орчим монгол иргэн байгаагийн дийлэнх нь суралцаж байгаа гэсэн судалгаа байгаа юм. Мөн Филиппин улсад 7 жил гаруй амьдарсан Монгол Улсын иргэн тус улсын аялал жуулчлал хурдтай хөгжиж байгааг тодотгов.
“People in Need” Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг, “Филиппин Улсын хүн амын 95 хувь нь католик шашинтай учраас хууль ёс зүйгээ сайн баримталдаг. Олон улсад хүүхэд асрах, сувилах ажлыг филиппинчүүд сайн гүйцэтгэдэг. Азийн англи хэлний багш нарын ихэнх нь Филиппинд байдаг учир боловсролын түвшинд хоёр орон хамтарч ажиллах өргөн боломжтой. Миний хувьд Филиппиний 7000 гаруй арлын 300 гаруйгаар нь 7 жилийн хугацаанд явсан байх. Өдөрт 100 арлаар явах аялал ч гэж бий. Аялал жуулчлалын хувьд адал явдалт аяллыг санал болгож болно. Манай орон хүний хөл хүрээгүй, онгон байгаль гэдэг бол Филиппинд хүмүүсийн хүсэл мөрөөдөл болсон, дэлхийн долоон гайхамшгийн нэг байдаг учраас хоёр өөр төрлийн аяллыг санал болговол зохимжтой болов уу. Монголчууд Филиппинд очвол хамгийн том хотод нь Хубилай хааны парк үзэж болно. Мөн арал дээр нь очиж аялахаас гадна түүх соёлын дурсгалт хааны нэрээр нэрлэгдсэн парктай танилцаж болно” гэв.
Филиппин улс эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 46-д ордог. Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь тус улсын нийт хүн амын 11 хувь нь гэсэн үг юм. 1987 оны Үндсэн хуулийн дагуу Филиппин нь хоёр танхимтай парламент, бие даасан шүүх засаглалтай ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах улс юм. Филиппин улсын хамгийн алдартай арал бол Боракей арал. Филиппиний зүүн урд хэсэгт байрладаг, 8 км үргэлжилдэг нунтаг цагаан торгон элс, тунгалаг ус, үлгэрийн гэмээр нар жаргах үзэгдэл, наран шарлагын газруудаараа алдартай. 2024 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эргээр шалгарсан байна.
“Филиппиний арлууд-газрын диваажин” гэрэл зургийн үзэсгэлэн Шангри-Ла молл худалдааны төвийн нэгдүгээр давхарт энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Филиппиний арлуудын тухай мэдээллийг авах боломжтой.