НАТО ОХУ-ын ажиллагааг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-09 11:03:31

БРЮССЕЛЬ. /NHK/. Сирид ОХУ-ын цэргийн ажиллагаа газар авч байгааг НАТО-гийн гишүүн 28 орны Батлан хамгаалахын сайд нар буруушаав.

ОХУ Каспийн тэнгисээс Сири рүү пуужин харвасны дараа буюу өчигдөр Брюссель хотод байрлах НАТО-гийн төв байранд Батлан хамгаалахын сайд нар хуралдсан байна.

Сирид ОХУ-ын цэргийн ажиллагаа өргөжиж байгаа нь ноцтой болгоомжлол төрүүлж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг дэмжсэн ОХУ-ын уг ажиллагаа нь ямар ч ашиггүй гэж тэрбээр мэдэгджээ.

АНУ тэргүүтэй эвслээс Сирид явуулж буй кампанит ажилд НАТО шууд оролцдоггүй боловч ОХУ болон Өрнөдийн хүчин хооронд санамсаргүй мөргөлдөөн гарч болзошгүйд түгшиж байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын заналхийлэлд хариу арга хэмжээ авах чадавхиа сайжруулахын тулд гишүүн орнуудынхаа батлан хамгаалах салбарын хүчийг НАТО зузаатгах зорилготой байна. Мөн Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг устгах зорилготой АНУ тэргүүтэй эвсэлтэй нягт хамтран ажиллаж, мэдээлэл харилцан солилцохоор болжээ.

“Лалын улс”-ыг устгахад чиглэсэн агаарын цохилт өгөх ажиллагаагаа ОХУ өнгөрсөн сард эхлүүлсэн боловч энэ сарын эхээр тус улсын сөнөөгч онгоцууд НАТО-гийн гишүүн орон болох Туркийн агаарын хилийг зөрчсөн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ