Ханын материалд 3000 айлын орон сууц барихаар 137 иргэний газар чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-05 16:00:22

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар дугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 3000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.


Энэ хүрээнд 232 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 137 иргэнтэй зөвшилцсөн байна. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр ярихдаа “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журмыг Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор баталсан байдаг.


Холбогдох хууль, журмын хүрээнд Ханын материал орчимд 9.7 га талбайд газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна. Зургаан сарын хугацаанд нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 137 иргэнтэй гэрээ байгуулж, газрыг нь чөлөөлсөн. Үлдсэн 95 иргэн, хуулийн этгээдтэй хөрөнгийн үнэлгээ болон хэлцлийн ажлууд үргэлжилж байна” гэв.

Холбоотой мэдээ