Л.Дашням: Хэл маань энх тунх байвал Монгол монголоороо байгаагийн баталгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-05 15:14:52

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 20 жилийн ой энэ онд тохиож байна.


Засгийн газрын 2004 оны “Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” 67 дугаар тогтоолоор Төрийн хэлний зөвлөлийг анх байгуулж байсан түүхтэй. Тэгвэл тус зөвлөлийн 20 жилийн ойн хүндэтгэлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болов. Хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.


Тэрбээр илтгэлдээ, “Монгол хэлээ хайрлан хамгаалж, цэвэр ариун байлгахын төлөө, цаг ямагт хөгжүүлэхийн төлөө байдаг хичээнгүй ажилтнууддаа Монголын төр цаг ямагт анхаарал тавьж ирсэн. Эрдэнэт хүнийг тодорхойлогч нь хэл юм. Хэлгүй бол орчлонгийн амьдрал утгагүй болно. Орчин цагийн хүмүүс “Хэлтэй бол хөлтэй” гэдэг. Өнөөдөр дэлхийд 7000 мянга гаруй хэл байдаг бөгөөд гуравны нэг нь мөхжээ. Хэл маань энх тунх байна гэдэг нь Монгол монголоороо байгаагийн баталгаа.


“Чингисийн Монгол” хэмээн алдаршсан энэ улсын баталгаа нь монгол хэл мөнөөс мөн. УИХ-аар Монгол хэлний тухай хуулийг баталсан. Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн тухай хууль, Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого зэрэг монгол хэлний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд хяналт тавин ажиллаж байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл гадаад дахь салбар зөвлөлийг байгуулж, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг, үсгийн хэрэглээ, сургалт, судалгааг өргөжүүлэх, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл бичиг, уламжлалт зан заншил, түүх соёлын  мэдлэгийг дээшлүүлэхэд туслах ажлыг хийж байна. Монгол хэлний нэр, томьёоны тогтвортой хэллэгийг буй болгох зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Улсын нэр томьёоны комиссыг сэргээн байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжууллаа.


Нэр томьёоны комиссын  хурлаар 10 гаруй салбарын 50 мянга орчим нэр томьёог хэлэлцэн шийдвэрлэж, Хэлний бодлогын үндэсний бодлогын зөвлөлийн хурлаар баталлаа.

700 гаруй мянган нэр томьёоны сан бүрдүүлж, Нэр томьёоны цахим  толийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн байна.


Манай зөвлөл нийтийн эх хэлний боловсролд анхааран ажиллаж, монгол үсгийн дүрэм, монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг баталж, бүх нийтээр мөрдүүллээ. Нэгдмэл нэг дүрэм,  журамласан толь бичигтэй болсноор нийгмийн эх  хэлний мэдлэг, боловсролд томоохон дэмжлэг болсон юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан монгол бичгийн кодчилол, стандартыг бий болгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Монгол бичгийн юникод, үсгийн хэлбэр сонголтын дүрмийн төслийг боловсруулж, юникодын техникийн хороонд хүргүүллээ” гэв.


Энэ үеэр “Эх хэл, үндэсний бичиг” үзэсгэлэнг Төрийн ордонд дэлгэж, олны хүртээл болгожээ. Маргааш дуусах эл үзэсгэлэнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн түүх, 20 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажил, тогтоол шийдвэрийг танилцуулахын сацуу 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхтэй холбоотой “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын хүрээнд хийсэн гол ажлуудыг тоймлон харуулсан байна. Үүнээс гадна албан хэргийг хос бичгээр хөтлөх эрх зүй, технологийн орчин бүрдүүлэх хүрээнд баталсан стандарт, төрийн албан хаагчид зориулсан монгол бичгийн сургалтын хөтөлбөр, гарын авлага, бие сурах боломж, монгол бичгийн хэрэглээний орчин, төрийн албан хаагчдын монгол бичигт сургаж буй байдал, албан хэргийг хос бичгээр туршиж буй байдал, монгол бичгээр хэвлэгдсэн сонин сэтгүүл, ном дэвтэр, нэрийн хуудас, төрсний гэрчилгээ, диплом зэргийг биетээр үзүүлсэн байна. Үзэсгэлэнгээс Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр зэрэг төрөөс монгол хэлний талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах боломжтой ажээ.


Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням ярихдаа, “Манай зөвлөлийн гол үүрэг нь хэлний хуулиа хэрэгжүүлэх, монгол хэлээ хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ариун байдлаа хадгалах, монгол соёлоо дэлхийд түгээх юм. Хүндэтгэлийн хурал дээр 20 жилийн хийсэн ажлаа товчхон танилцууллаа. Ер нь чамгүй их ажил хийжээ гэж дүгнэхээр байна.

2025 оноос төрийн зарим ажлыг хос бичгээр хөтөлнө. Энэ бол боломжтой, бид ч бэлэн байгаа. Манайхан бүх нийтээр гэж ташаа ойлгох байх шиг. Өнөөгийн хүүхдүүд кирилл болон монгол бичигтээ анхаарах цаг болсон байна.


Эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь гадаад хэлтэй болгоно гээд үндэсний хэлгүй болгох аюул бий болсон. Хэл бол хэрэглэгчгүй болсон тохиолдолд мөхдөг жамтай. Тиймээс бид эх хэлээ хэрэглэгчгүй болгохгүйн тулд монгол хүн бүр үүнд анхаарал хандуулах ёстой юм” гэв. 


Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Өнөрбаян "2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хос бичгээр төрийн албан хэргийг хөтлөх сайхан боломж нээгдсэнд баяртай байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон эх хэлээ эрхэмлэн дээдэлж явдаг хүмүүсийн ачаар бэлтгэл ажил хангагдсан гэж бодож байна. Учир нь өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа ажилтнууд монгол бичгээ мэднэ. Мөн цахим орчинд монгол бичгийг кирилл монгол хэл рүү, кирилл монгол хэлнээс монгол бичиг рүү хөрвүүлэх ажил зохих түвшинд хийгдсэн. Тиймээс монголчууд монгол бичгээр бичих журам үүргээ сайн биелүүлэх байх гэж бодож байна" хэмээн ярилаа. 


УИХ-ын 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр “Монгол хэлний тухай хууль”-ийг баталж, тухайн жилийн 7 дугаар сарын 1-нээс энэхүү хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байдаг. Монгол хэлний хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Төрийн албан ёсны хэлний тухай хууль хүчингүй болж, Монгол хэлний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Төрийн хэлний зөвлөл нь монгол хэлийг хамгаалах хөгжүүлэх үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллах Хэлний бодлогын үндэсний зөвлөл болж өөрчлөгджээ. Өмнө нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг салбарын сайд нар даргалдаг байсан бол 2018 оноос хойш өөрчлөгдсөн юм. Тус зөвлөлийн салбар зөвлөл нь 21 аймаг, 330 суманд үйл ажиллагаагаа явуулдаг.









Холбоотой мэдээ