ХОВД: Нутгийн 80 орчим хувьд цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Одоогоор Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 80 орчим хувьд цастай байна.
Мөн судалгаагаар нутгийн 20 орчим хувьд зудын эрсдэл дунд, 80 орчим хувьд их буюу нэн их эрсдэлтэй байна.
Зудын эрсдэлийг сум, багаар авч үзвэл, Булган сумын Алагтолгой баг, Мөнххайрхан сумын Алаг, Сэнхэр, Борт баг, Мөст, Цэцэг, Дуут, Мянгад сумын ихэнх багийн нутгаар, Ховд сумын Баруун салаа, Баянбулаг багийн ихэнх нутгаар, Алтай сумын Бодонч багийн баруун талаар, Дарви сумын Мөрөн, Үенч сумын Улиаст, Нарийн гол, Дөргөн сумын Агваш баг нэн их эрсдэлтэй бүс нутагт хамрагджээ.
Мөн Зэрэг, Булган, Чандмань,
Манхан, Алтай, Эрдэнэбүрэн сумын ихэнх баг, Мөнххайрхан сумын Борт багийн
баруун хэсгээр, Мөст сумын Цэцэг гол, Цэцэг сумын Хөшөөт баг, Дарви сумын
Дэлгэр, Булаг, Мянгад сумын Чацарганат, Дөргөн сумын Сээр багийн нутгаар зудын эрсдэл их байгаа
юм.
Харин Манхан, Зэрэг сумын Зэргийн гол дагуух нутгаар, Булган сумын Баян судал, Чандмань сумын Тахилт баг, Ховд сумын Улаан бураа, Алтай сумын Алтангадас, Барлаг багийн өмнөд талаар, Дарви сумын Мөнгөн аяга, Үенч сумын Цагаантүнгэ, Эрдэнэбүрэн сумын Намарзан, Дөргөн сумын Аргалант багийн нутгаар зудын эрсдэл дунд гэсэн үнэлгээтэй байна.
Цаашид дээрх сум, багийн нутгаар цас орж, цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт хүндэрч болзошгүй тул малчид өвс тэжээлээ нөөцлөх, татан байршуулах, малын хашааг дулаалах ажлыг эртнээс зохион байгуулахыг өнөөдөр Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.
Ховд аймгийн Онцгой комиссын дэргэд Шуурхай штаб байгуулсан ба хөдөөгийн сум, багийн малчдад хүрч ажиллах Шуурхай бүлэг томилжээ.
Мэргэжлийн байгууллагын төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн Шуурхай бүлэг таван баг болж, энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сумдад ажиллаж байна.
Тэд сумдад долоо хоногийн хугацаанд ажиллах ба өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, цаг үеийн асуудал, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм.